Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байна гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Олонхийн бүлэг Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна.

Ерөнхий сайд өргөн мэдүүлсэн төсөлдөө Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай, Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэж, нийт 13 яамтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийг нийгмийн, улстөрийн, эдийн засгийн нөхцөл байдалдаа тохирсон өөрчлөлт хэмээн бүлгийн дарга онцоллоо. Мөн ийм бүтцийн өөрчлөлт хийхээр тусгасан нь олон нийт болоод сөрөг хүчний зүгээс тавьж ирсэн шүүмжлэлтэй холбоотой гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн хугацаанд эдийн засаг хүнд байна, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах ёстой гэсэн шаардлага тавьж байсан төдийгүй Монгол Улс хоёр төсөвтэй боллоо, хөрөнгө оруулалтыг Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулсан нь буруу.  Чингис бонд, Самурай бондын хуваарилалт муу байна гэхчлэн олон шаардлагуудыг тавьж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтаа, сангаа нэг талдаа гаргах, нэг төсөвтэй болохын тулд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаа аж.

Мөн Эрчим хүч, Уул уурхайн яамууд нь хамгийн том төсөл хэрэгжүүлэгчид боловч хоорондын уялдаа холбоогүйгээс тендэр шалгаруулалт удааширч, уул уурхай байгуулах газраа эрчим хүч нь байх уу үгүй юу гэдгээ шийдэж чадахгүй удааширч байна. Энэ бол бүтэцтэй холбоотой гэсэн шүүмжлэл их байсан аж.  Энэний дагуу нэгтгэх нь зөв хэмээн үзсэн байна.

Цөөнхийн бүлгээс шаардаж байгаачлан нийгмийн халамжийн яамдыг нэгтгэх зохицуулалт хийж болох байсан ч нийгмийн халамж, нийгмийн хамгаалал тусдаа байх ёстой гэсэн шаардлага тавж байсан. Мөн Соёл, спорт аялал жуулчлалын яамыг бие даан цааш нь ажиллуулах шаардлага бий. Гурван сая хүн амтай, өргөн уудам нутагтай улсын хувьд өв соёлоо хамгаалах бодлогын яамтай байх ёстой гэж үзжээ. Эцэст нь бүтцийн өөрчлөлтийг УИХ-аас баталсны дараа хэнийг сайдаар томилохоо бүлгээрээ, УИХ-аараа хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн шийдэлд хүрсэн аж. Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Шинээр томилогдох сайд нарыг парламентын гаднаас томилох уу. “Давхар дээл”-тэй сайд нарыг томилж болохгүй, мэргэжлийн хүнээр яамдыг удирдуулах ёстой гэсэн байр суурь нэлээд байна?

-Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд шинээр томилогдох сайд нарыг санал болгоно байх. Дан дээл, давхар дээлийн тухайд их олон ярилаа. Монгол Улс өөрийн хуультай орон. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдэгдээд явна гэж ойлгож байгаа. Ардчилсан орон хуулиа мөрдөхгүй бол хүн болгоны хэлсэнийг хууль болгох юм бол ямар орон болж хувирах вэ гэдгийг хаа, ханаа бодох ёстой.

-Ардчилсан нам Засгийн газрыг байгуулахдаа МАХН-тай дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллах гэрээг хийсэн. Гэрээнд туссанаар дөрвөн яамыг “Шударга ёс” эвслийн сайдууд удирддаг.  Гэтэл яамд нэгтгэгдэх боллоо. Энэ асуудал ямар байдлаар шийдвэрлэгдэх бол?

-Хоёр намын хооронд хийгдсэн гэрээ байгаа. Засаглалын хуваарилалтыг дурдсан зүйл заалт байж байгаа. Энэ зүйл заалт хөндөгдөхгүй гэдгийг Ерөнхий сайд өөрөө нотолсон. Тэгэхдээ Засгийн газрын бүтцийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа, хэн нэг хувь сайдын тухай  асуудал биш гэдгийг ойлголцсон гэж бодож байна.

Г.НАРАН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж