Ерөнхийлөгч сенатор асантай өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сенатор асантай өрсөлдөнө

Аэсиу Нэвис ба Дилма Русефф

Фото: Miguel Schincariol / AFP

 

Бразилийн тэргүүн Дилма Русефф, социал демократуудын лидер, сенатор асан Аэсиу Нэвис хоёр ням гаригт болсон Бразилийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатнаас цаашид өрсөлдөхөөр шалгарлаа. Бразилийн Сонгуулийн дээд трибуналын мэдээ энэ талаар өгүүлсэн байна.

 

Саналын хуудасны 92 хувийг тоолсны дараа Хөдөлмөрчдийн намыг төлөөлдөг Дилма Русефф 40,96 хувийн саналтай, Нэвис — 34,3 хувийн саналтайгаар хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдөх нь тодорхой болов. Социалист намын нэр дэвшигч, экологийн идэвхтэй тэмцэгч Марина Силва 21,14 хувийн санал авснаар өрсөлдөөнөөс хасагдсан байна. Үлдсэн нэр дэвшигчид нь хоёроос доогуур хувийн санал авсан байлаа.

 

Эхний шатны санал хураалт орон нутгийн цагаар 17:00-д дуусчээ. Ерөнхийлөгчөөс гадна бразиличууд 27 мужийн захирагчид, сенаторууд болон депутатуудыг сонгожээ. Бразилид сонгуульд заавал оролцох ёстой бөгөөд сонгуулийн үеэр ноцтой хэрэг явдал  гарсангүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг аравдугаар сарын 26-нд явуулах болно. Олон нийтийн судалгаагаар 2011 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Русефф  улс төрийн өрсөлдөгчөө ялах боломжтой байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж