Виктория Бэкхэм Range Rover-ийн интерьерийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Виктория Бэкхэм Range Rover-ийн интерьерийг хийнэ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Range Rover компани Виктория Бэкхэмтэй хамтран ажиллах болсон тухайгаа зарлалаа. Загварын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн хатагтай Бэкхэм сүүлийн үед олон сая ам.доллараар үнэлэгдэх олон шилдэг төслийн санал хүлээн авч байгаагийн нэг нь энэ юм. Тэрбээр Range Rover Evoque-ийн тусгай загварын интерьер дизайныг өөрийн таашаалд нийцүүлэн хийх гэнэ.

Энэ талаар Land Rover болон Range Rover-ийн загварын салбарын захирал Жерри МакГоверн “Виктория Бэкхэм бол Британийн авьяаслаг нэгэн загвар зохион бүтээгч. Тэр загвар дизайн, чиг хандлагын талаар маш гайхалтай мэдрэмжтэй, арвин мэдлэгтэй, авьяаслаг бүсгүй. Тэр тансаг эд зүйлсийг ойлгодог. Тэр бас Range Rover-ийн фен байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд тэр нэлээд хэдэн Range Rover хөлөглөж байсан. Тиймээс ч бидний хамтын ажиллагаа үр дүнтэй болж, олны таашаалд нийцнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Range Rover брэндийн 40 насны ойн баяр өнгөрөгч баасан гаригт болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг олон нийтэд зарлажээ. Загварын торгон мэдрэмж, ганган чамин хувцаслалтаараа хэдийнээс алдартай ихэмсэг хатагтай Бэкхэм дээрх ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ мөн л ихэмсэг, чамин дүр төрхөө тодотгон, хувцасласан байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж