Хотын гудамжинд шөнө болдоггүй ээ
Хөлбөмбөгийн фенүүд харин яарч байна, хорхой гозогнуулсан халуун тоглолтоо үзэх гэж. Дөрвөн жилд нэг удаа хөлбөмбөгөөр амьсгалдаг улаан фанатууд “түүхэн” үйл явдал болж байгаа энэ өдрүүдэд хөлбөмбөгөө тухтай үзэх гэж ажлаасаа ээлжийн амралтаа авсан гэж байгаа. Улаанбаатарчуудын энэхүү хөөрлийг ч дэгжээн бизнес эрхлэгчид энд тэндгүй асар, дэлгэц зоон фенүүдийн тав тухыг хангаж байна.
2010.07.03-ны 21.30 цаг. Улаанбаатарын хамгийн доргио газруудын нэг “АПУ” компани “Нийслэл” асар хаалгаа барьжээ. “Асар хүн суух нь битгийн хэл, зогсох ч зай байхгүй ээ” гэж хамгаалагчид нь тайлбарлаж байна. Такс 3000 төгрөг байдаг ч фенүүд хэдэн төгрөг ч хамаагүй төлөөд ороход бэлэн байгаа бололтой. Хэдийгээр 22.00 цагт тоглолт эхлэх байсан ч хоцорсондоо уйлах шахан уурсч байгаа зарим нь “Дотор манай найзууд суудал авчихсан байгаа” гэж учирлана, танил талаараа арын хаалгадах гэж утас цохино. Гэвч нэмэр алга. Урилгатай гэсэн тодотголтой ганц нэг машин бахархалтайгаар төмөр хаалгыг нээлгэн орох үед, сиймхийгээр нь чихээд орчих гэсэн “туулай”-нууд үймээн дэгдээх маягтай байна лээ шүү. Асрын дотроос сүртэйеэ уухиалах чимээ гарсан нь эхний гоол орсон бололтой. Сандарсан “хоцрогсод” хамгийн ойрхон “цэг” давхилдах гэж яаравчлан хэсэгхэн зуур замын түгжрэл үүсээтхэв. Ер нь энэ мэт хөл хөдөлгөөнтэй газруудад хөлбөмбөг эхлэхийн өмнөхөн сүртэй түгжрэл үүсч, тэмцээн эхэлсний дараа гудамж, талбай гайхмаар сэлүүхэн болдог гэдэг юм билээ.
22.10 цаг. Хүмүүсийн нэрлэж заншсанаар хуучин Ленинклуб, нийслэлийн төв талбайн өмнөхөн байдаг “Греен ланд” хэмээх асраас хүмүүс яав гэмээр пирхийтэл гарч ирэн, зүг зүг рүү яаравчлав. Асрын том дэлгэц амьгүй мэлтийж, уурссан хүмүүс таксаа авна гэж догширч байна. Үйлчлэгчийн тайлбарласнаар дэлгэцийн антенн гацаж орхисон бололтой юм. Бөөн бөөнөөрөө ширээ эзэгнэн байсан залуус тэр дорхноо тарав. Уурссан нэг нь бүр урт вандан сандлыг өшиглөж унагаж орхих харагдана.
Irish. Энд ч бас хүмүүс пиг. Үйлчлэгчид нь суудал байхгүй гэж учирлана. Гэвч гадаах асрын хаалт намхавтар учир орж суугаагүй ч гаднаас нь хараад байж болохоор юм. Дотрох заалны ч цонхыг том томоор нь онгойлгосон ч асуудал “үзэгдэх орчин”-той холбоотой биш бололтой. Хүмүүс олуулаа доргиж, шар айраг шимэнгээ, хөлбөмбөгөө “сүртэй” үзэх гэж ийн асар тийш хошуурдаг бололтой. Зөөгчид дааж чадах чинээгээр их шар айраг царан дээрээ тавиад завгүй шогшин гүйлдэнэ. Тэгсэн ч гэсэн хөөрсөн үзэгчдийн амны цангааг тайлж чадахгүй байгаа бололтой. Хажууханд жижигхэн кафенууд үүд, цонхоо цэлийтэл нээж томхон зурагтууд байрлуулсан ч тэнд хүмүүс цөөвтөр. Уг нь адилхан л C-1-ийн шууд дамжуулж байгаа нэвтрүүлгийг үзүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэвч хүмүүс бөөн бөөнөөрөө доргиж, хамтдаа тоглолт үзэхийн тулд л ингэж хүч тавьж, сандарцгаадаг бололтой юм. Үзэгчдийн “бүтэц” ч их сонин. Найз нөхөд, “бүлэг сүргээрээ”. Найз нарын сонирхол нэгдмэл байдаг болохоор нэг багийн хөгжөөн дэмжигчид байдаг бололтой юм. Эгзэгтэй мөчид нэг “бүлэг” уухиалан орилж, баярлаж, алга ташиж сүйд болоход нөгөө “бүлэг”-ийн царай нь барайж, дуугайхан духайж, бүр хараал ерөөл талбиж, ширээгээ шааж харагдана. Энэхүү хөөрлөөс л хэнийг дэмжиж байгаа нь андашгүй. Бас сонирхол нэг “дэмжчигчид” нэг газраа тухладаг бололтой. Зүрхлэн өршөөл гуйхад үүнийг бичигч хөлбөмбөгийн талаар мэдлэг маруухан. Тийм ч учраас фенүүдийг хөндлөнгөөс харахад илүү тохиромжтой гэж манайхан зөвлөсөн юм. Учир нь спортын сурвалжлагч хийгээд дэмжигчид тэмцээнээ нэг үзээд эхлэхээрээ үзэгчдийн “бүтэц”-ийг сонирхохтой мантай улайрдаг юм байна л даа. Харин нэгэн танил маань өөрийн эрхгүй гэртээ ганцаараа телевизороор хөлбөмбөгөө үзэхээс өөр аргагүй үе тулгардаг гэж байсан. Яагаад гэвэл дэмждэг баг нь хожигдох ахул эсрэг хөгжөөн дэмжигчидтэй хэрэлдэж, маргаж, бүр нударга зөрүүлчих гээд байдаг гэнэ л дээ. Энэ магадгүй цорын ганц сонин тохиолдол байх. Харин бөөнөөрөө хөлбөмбөг үзэгчдийн хувьд хэрүүл, маргаан сөргөлдөөн бүү хэл хотын захирагчдын айгаад байдаг архидан согтолт гэдэг нь ч алга. Сэтгэлийн хөөрөл, шар айрагны илчиндээ бага зэрэг улайсан хүмүүс л… Спорт гэдэг эв нэгдлийн бас нэг илэрхийлэл байдаг болохоор сэтгэлээр унасан дэмжигчид толгой гудайн, ширээ ширтэх төдий. Аа тийм бас, хайртай баг нь хожигдсон фенүүд нэгийн зэрэг тоглолтыг үзэхгүй өнгөрөөж “байкот зарлах” маягаар гутралаа тайлдаг гэсэн. Тэгээд л дуртай юм болохоороо буцаад л хөлбөмбөг рүүгээ шумбан ордог гэсэн шүү.
Үнэгүй үзвэр: Шөнийн тоглолтын үеэр таксины жолооч нар Улсын их дэлгүүрийн өмнөх том дэлгэцийн дэргэд цуглардаг гэнэ. Бусад үед тэд завгүй ажилтай. Харин шөнийн 02.00 цагаас эхлэх тоглолтыг ийнхүү “сэм үгсэн нэгдэж” үздэг учраас яг энэ цаг дор төв замаар зүглэх хэрэггүй бололтой. Учир нь дэлгэцийн өмнө машин, хүмүүсийн “битүү хаалт” үүсчихсэн байгаа шүү дээ. Энэ том дэлгэцийн орчимд 100 гаруй машин эвээ олоод зогсчихоод, таксины жолооч нар эвтэй дөрвөн амьтад шиг бултагнаж байгаад хөлбөмбөгөө үзчихдэг гэнэ. Харин арай эртхэний тоглолтууд бол тэд яарсан сандарсан фенүүдэд завгүй үйлчилнэ. Таксид суух зуур “Хэн хожиж байна, сая яав юу болов, хаана гоол оруулчихав, асар дотор хашгиралдаад л байсан даа” гэж хэл ам сугалах шахах нь төвөгтэй. Энэ бол хөлбөмбөг сонирхдоггүй хүн л бөх зүрхтэйгээр тээршааж магадгүй болохоос тэдний хувьд амин чухал асуулт юм билээ. Энд дээр дурдсан шалтгаанаар мөн тоглолтын талаар ганц ч үг дуугарч эс зүрхлэв. Харин үзэгчдийн хөөрөл, идэвх үнэхээр халуун, үгээр илэрхийлэхэд хэцүү. Тийм ч учраас улаан фанатууд гэртээ бөмбийгөөд зурагтаар тоглолт үзэх бус бөөнөөрөө доргих гэж улайрдаг аж. Тэднийх хувьд энэ бол жинхэнэ кайф… Дахиад хоёронтоо шөнийн сурвалжлага хийх ахул галзуу хөөрөлтэй тэдний давалгаанд татагдаж, хөлбөмбөгт дуртай болчихож магадгүй л юм билээ. Татагдахгүй байхын эрч хүч, амт, хөөрөл буцалж байна, Улаанбаатарын үдшээр.
А.ТУЯА