Тавантолгойн ордыг хуваахгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ордыг хуваахгүй

Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг яг сарын өмнө УИХ-д оруулж ирсэн. Гэвч төсөл санаачлагч мэдээллээ хангалтгүй өгсөн зэрэг шалтгаануудаас үүдээд анхандаа асуудалд нэлээд хойрго хандаж байсан УИХ өнгөрсөн долоо хоногт ордын ашиглалтын асуудлыг бараг нэг тийш шийдлээ. УИХ дахь намын бүлгүүд болон Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгүүд өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг гэхэд саналаа нэгтгэж чадаагүй, намын бүлгүүд ч тодорхой санал гаргаагүй байсан бол сүүлийн хоёр хоногт нэлээд шаргуу ажиллалаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр зарчмын гэхээр хоёр том өөрчлөлтийг оруулж байгаа юм байна. Нэгдүгээрт, Тавантолгойн ордын төрийн өмчийн хувь, хувьцааны асуудал. Хоёр дахь нь хөрөнгө оруулалтын гэрээнд оролцогч талуудыг өөрчлөх явдал.  

Засгийн газрас оруулж ирсэн санал нь Тавантолгойн ордын лиценз 100 хувь төрийн өмчид үлдээж, хөрөнгө оруулалтын гэрээг олборлогч буюу оператор компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, ингэхдээ лиценз эзэмшигч “Эрдэнэс МГЛ” болон оператор компанитай Засгийн газар гурван талт гэрээ хийхээр тусгасан байдаг. Мөн одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар Хөрөнгө оруулалтын гэрээ /ХОГ/-г зөвхөн лиценз эзэмшигч компанитай байгуулах ёстой тул оператор компанитай ХОГ байгуулахын тулд хуульд өөрчлөлт оруулах, ордыг хоёр хувааж гадаад дотоодын компаниудад тус тусад нь ашиглуулах саналыг боловсруулаад байсан. Үүнийгээ стратегийн ач холбогдол бүхий энэ том орд дээр гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог тэгш хангах хэмээх тайлбарладаг ч энэ зах зээлийн дүрмээс гадуур, тэгээд ч ордын нөөцийг хэрхэн хуваах нь тодорхойгүй гэдэг шүүмжлэлийг дагуулсаар ирсэн билээ. 

Харин УИХ ордын лицензийг хуваахгүйгээр “Эрдэнэс Таван­толгой”-д шилжүүлэх үүргийг Засгийн газарт өглөө. Үүний үнд­сэн дээр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн 50 хүр­тэлх хувийг Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдэд болон гадаа­дын зах зээлд хувьцаа гарган борлуулах замаар хөрөнгийн эх үүсвэр босгох үүрэг Засгийн газарт үлдэж байгаа юм. Ингэхдээ ир­гэд болон дотоодын аж ахуй нэгжүүдэд арилжаалах үнэ, олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилцаалагдах үнэ ялгавартай байх бололтой.

Мөн Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөлд таавар таамаг мэт болоод байсан хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд ч УИХ байр сууриа гаргаж тавилаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын хуулийн дагуу зөвхөн лиценз эзэмшигч буюу “Эрдэнэс МГЛ” /хэрвээ УИХ-ын тогтоолын төсөл энэ хэвээр батлагдвал “Эрдэнэс Тавантолгой нэртэй болох юм/ компанитай ХОГ-г байгуулах, харин “Эрдэнэс МГЛ” цаашаагаа оператор компанитайгаа олборлолтын гэрээ байгуулах чиглэлийг өгч байгаа юм. Тиймээс УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж, хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд хөрөнгө оруулагч талын үүргийг нэмэгдүүлж, “Эрдэнэс МГЛ” зөвхөн хяналтын үүргийг гүйцэтгэхээр байсан бол УИХ-ын ажлын хэсгүүдээс оруулсан саналаар Засгийн газар төрийн өмчит компанитайгаа ХОГ байгуулахаар болсон тул энэ удаа ордын ашиглалт, үр ашгийн асуудал дээр “Эрдэнэс МГЛ”-ын хүлээх хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг.

Ерөнхий сайд С.Батболд ч нэг бус удаа Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахын тулд УИХ-аас өгсөн чиглэлийг ямар ч тохиолдолд хүлээж авна гэсэн. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг дээр нэгт­гэж, эхний хэлэлцүүлгээр дэмж­сэн УИХ-ын тогтоолын төсөл энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгээр баталж, ирэх нам­рын чуулганд Засгийн газар ХОГ-ний төслийг эцсийн байдлаар оруулж ирэхээр болжээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж