Ж.Батзандан: Xорооноос эхлүүлэх талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Xорооноос эхлүүлэх талаар хэлэлцэнэ

Ж.Батзандан: Улаанбаатарын хөгжлийг хорооноос эхлүүлэх талаар хэлэлцэнэ

Ардчилсан Хүчний Холбооны нийслэлийн чуулган олон улсын “Найрамдал” зуслан дээр болж байна. Нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 400 орчим гишүүд, дэмжигчид чуулганд оролцож байгаа бөгөөд яг одоо “Нийслэлийн хөгжил ба Шинэ хороо” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна. Уг хэлэлцүүлгийн сэдвийг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Ардчилсан Хүчний Холбооны 10 дахь удаагийн чуулган болж байна. Aч холбогдол нь юу байна вэ?

-Ардчилсан Хүчний Холбоо жил бүр баруун, зүүн, төвийн болон говийн бүсийн чуулгануудыг зохион байгуулдаг. Чуулганы зорилго бол тодорхой Монголоо хөгжүүлэх зорилго, хүсэлтэй хүмүүсийн нэгтгэн уулзуулъя, эх орноо хөгжүүлэх сэтгэл зорилгыг нь дэмждэг. Бид 1992 оны Үндсэн хуулиндаа ардчилал, хүний эрх, иргэний хүмүүнлэг нийгмийг байгуулна гээд заачихсан. Түүнийг цогцлоохын тулд хүчээ нэгтгэн хамтран ажиллах ёстой. Чуулган бүрт нийгмийн бүх хэсгийн төлөөлөл оролцдог. Анхдугаар чуулган 108 хүнтэй болж байснаас хойш гишүүд дэмжигчдийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа. Зүүн бүсийн чуулган гэхэд л Монгол Улсын зүүн хязгаар Буйр нуурын эрэг дээр болоход Ардчилсан хүчний холбоонд эх орноо шинэчлэх зорилгоор нэгдсэн 800 гаруй гишүүд, дэмжигчид оролцож байлаа.

Энэ удаагийн нийслэлийн чуулганд бүх дүүргийн төлөөлөл 400 орчим хүн оролцож байна. Нийслэлийн чуулган 3-5-ны өдрүүдэд үргэлжилнэ Энэ хооронд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд, спорт, урлагийн арга хэмжээ, гишүүдээ хөгжүүлх үүднээс олон төрлийн сургалтууд явагдана. Оролцогчдод эдгээр бүх арга хэмжээнд оролцох боломжийг хангасан байгаа. Ардчилсан Хүчний Холбооны гишүүд дэмжигчид ийнхүү зохион байгуулалтад орж, хэлэлцэж, ойлголцож, хамтран ажиллах хөрс сууриа тавьж байгаа нь Монгол Улсын хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэж би харж байна.

Чуулган дуусахад гэртээ харьж байгаа гишүүн бүр богц дүүрэн байдаг гэдэгт итгэлтэй байна. Нэг шинэ санаа, сайн нөхөр, шинэ танил, нэг сайн бодлого, зорилготой болдог нь гарцаагүй Энд цугласан хүмүүс бодлоо уралдуулсаны үр дүнд олон санаа гардаг юм. Олон клуб, сонирхолын бүлгүүд бий болдог. Үзэл санаа, зорилго нэгтнүүдээ олдог. Энэ бол том олз. Чуулган тарахад дараагийн чуулган хэзээ вэ гэж хүн бүхэн асуудаг. Үүнээс хэр чухал вэ гэдгийг харж болох юм. Манай Ардчилсан Хүчний Холбооны дэргэд олон клуб бий. Тухайлбал, англиар ярьдаг хүмүүс, ууланд авирагчдын клуб, эмч нар, хуульчид, эмэгтэйчүүдийн клубууд ч бий.

Та ямар клубт нэгдсэн бэ?

-Би Ардчилсан Хүчний Холбооны улстөрийн “Шонхор” клуб, мөн хуульчдын клубт харьяалагддаг. Манай холбооны дэргэд үйл ажиллагаа явуулж буй клубуудэд багадаа 2-3-т нь зэрэг хамрагдах боломж бий. Долоо хоног бүр уулзалт, хэлэлцүүлэг, сургалт явуулдаг идэвхтэй үйл ажиллагаатай. Өчигдөр Татварын зөвлөгөө өгөх клуб шинээр “мэндэлсэн”. Өнгөрсөн жил батлагдсан хуулиар татварын мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх эрхийг бүрдүүлсэн.

-Өчигдөр орой цугласан шүү дээ, энэ богинохон хугацаанд уу?

-Тэгэлгүй яахав. Үзэл санаа, зорилгоороо нэгдсэн гишүүд мэргэжил нэг байх нь олон. Тиймээс татварын мэргэжилтнүүд нэгдэж, ярилцсаны эцэст өчигдөр клуб байгуулж байгаагаа албан ёсоор зарласан. Ийм маягаар клуб байгуулагддаг. Татварын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ, холбоотой асуудал, зөвлөгөөг энэ клубын гишүүд өгч, холбооны гишүүддээ туслах юм. Манай хамгийн идэвхтэй ажилладаг клуб гэвэл Уул уурхайн клуб, Ууланд алхагчдын клуб, Эрүүл биед саруул ухаан оршино зэргийг нэрлэж болно. Эрүүл мэнд, спортын дэмждэг олон клуб бий.

-Нийслэлийн чуулганы нээлтийн үеэр таны санаачилсан асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байгаа гэж байсан. Яг ямар сэдвээр энэ удаагийн чуулганд оролцогчид бодол, санаа, санаачилгаа уралдуулах вэ?

-Нийслэлийн засаг захиргааны үндсэн нэгж бол хороо, өнөөдөр Улаанбаатарт 150 гаруй хороо бий. Тэгэхээр асуудлыг дээгүүр, дээрээс нь эхлэж ярих биш, жинхэнэ хөрснөөс нь эхлэх нь зүйтэй гээд хорооны хөгжлийн талаар энэ удаагийн чуулганаар хэлэлцэх юм. Шинэ хороо хөдөлгөөний тухай ярилцна. Солонгосчууд “Шинэ тосгон” хөдөлгөөнөөр хөгжлийн гараагаа эхэлж, олон асуудлаа шийдэж чадсан шиг бид Шинэ хороо хөдөлгөөнөөр Улаанбаатарынхаа хөгжилд хандаж, шинэ стандарт тогтоож, үүнийг хийх хэрэгжүүлэх талаар судалж үзье гээд нийслэлчүүдийн төлөөлөл болж энд ирсэн 400 орчим иргэн өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв бол засаг захиргааны шинэ төвийг хэрхэн бий болгох вэ? Монгол Улсын хотуудыг төрөлжүүлэн хөгжлүүлэх цаг болсон учраас засаг захиргаа, санхүүгийн томоохон төвүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцах юм. Дэлхийн олон орны жишээг судалж үзсэн. Станбулаас Анкара, Алматагаас Астана, Солонгосын засаг захиргаа Сөүлээс Дижонь руу яагаад нүүж байна вэ, 1946 онд Будапештээс Деперец рүү унгарчууд засаг захиргааны нэгжүүдээ нүүлгэсэн бэ, Бонноос Берлин рүү хийсэн нүүдлийн утга учир юу байв гээд засаг захиргааны төвүүдийн шилжилтийг бид маш их судалж байна. Монголд ийм бололцоо бий юу, Улаанбаатартаа бөөгнөрөөд суух нь сайн уу, Улаанбаатар хотыг, томоохон төвүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого явуулбал ямар вэ гэдэг асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг өрнөнө.

-Хэлэлцүүлгийн үр дүн юу байх бол?

-Чуулган бүрээр хэлэлцүүлэгдсэн асуудлаар үр дүн гардаг. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал санаачилгууд хууль, бодлого болж хэрэгждэг. Хүн бодлоо цэгцэлнэ гэдэг тун чухал, бодлоо цэгцлэхийн тулд солилцдог, цэгцэрсэн бодол цаашаа бодлого болох бүрэн боломжтой. Тэгэхээр бид бодлоо цэгцлэх ёстой. Энэ бол хэлэлцүүлэг. Цэгцэрсэн бодлыг бодлого болгохоор ажиллах болно. Улс орны хөгжлийн түүчээ бол бодлого.

Урд урдын чуулганаар болсон хэлэлцүүлгүүдээс бодлого болж хэрэгжсэн нь олон. Уул уурхайн бодлого, хүний хөгжлийн бодлого, иргэний эрүүл мэндийн даатгалыг хэрхэн хийвэл оновчтой байх вэ гэдгийг өмнөх чуулганаар хэлэлцэж байлаа. Одоо хуулийн төсөл бэлэн болоод, өргөн баригдаж байна. Гэмт хэргийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Орон нутгийн хөгжлийн асуудлаар ч хэлэлцүүлэг хийж байсан. Хэлэлцүүлэг бүр үр дүнд хүрч, амьдрал дээр хэрэгжиж байгаа.

-Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийн хоёр сэдвээр хуулийн төсөл санаачлах боломжтой гэсэн үг үү?

-Ер нь нийслэл хотынхоо засаг захиргааны нэгжийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон гэдгийг бүгд ярьдаг. Шат шатандаа ойлгож байгаа. Харин яаж өөрчлөх вэ гэдэг дээр бодол санаагаа уралдуулж байна. Түрүүчээсээ хуулийн төслийн санаа яригдаж байгаа. Миний хувьд хорооны хөгжлийн тухай бие даасан хууль гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Учир нь хөгжил хорооноос эхэлнэ. Улаанбаатарын сая гаруй оршин суугч бүр нэг хороонд харьяалагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд хорооны хөгжлийн асуудал бүр орхигдсон.

Нийтийн эзэмшлийн зам талбай буруу хүмүүсийн гарт очсон. Тодруулбал, хууль бусаар зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн гарт очсон байгаа. Хороо эзэнгүй болсон. Тиймээс хороог эзэнтэй, өмчтэй, эдийн засгийн эрх мэдэлтэй болгох нь зүйтэй гээд ажиллаж байна. Хорооны хөгжлийн нэгдсэн стандарт Монгол Улсад байхгүй. Тэгэхээр энэ стандартыг бий болгохоор өнөөдөр хэлэлцүүлэг явагдана. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг Ардчилсан Хүчний Холбооны гишүүд дэмжигчид өнөөдөр дээрх асуудлаар хамтдаа хэлэлцэнэ. Үр дүн нь төрийн бодлогын хэмжээнд гарна гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Л.ХАЛИУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж