Шөвгийн дөрвөн баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Шөвгийн дөрвөн баг тодорлоо

Герман, Испани, Угугвай, Голландын хэн нь дэлхийн аварга болох  вэ?

Дөрвөн жилд нэг удаа дэлхий нийтийг донсолгодог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаад Хар тивийн хөгжингүй гүрэн Өмнөд Африкт үргэлжилж байгаа билээ. Бүтэн сарын турш хорвоогийн хамаг дуулианыг тарьж буй энэ жилийн дэлхийн цомын тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна.

“Алтан дагина”-ын төлөөх ариун дайнд оролцсон шилдэг 32 багаас шигшигдсээр өдгөө шилдгийн шилдэг гэх дөрвөн баг тунан үлдээд байгаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн аваргын шөвгийн наймын тоглолтууд болж, гайхалтай, сонирхолтой, халуу бутарсан дөрвөн тулааны эцэст хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорсон билээ.

Шөвгийн наймд шалгарсан багуудын тал нь буюу дөрөв нь Өмнөд Америкийн гүрнүүд байсан боловч тэдний ноёрхол энд хүрээд өндөрлөх тавилантай байв. Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтаас эхлээд л тун одтой байгаа Голландын шигшээ дэлхийн таван удаагийн аварга Бразилийн багийг 2:1 харьцаатай буулган авсан бол “Германы машинууд” Марадонагийн хүсэл мөрөөдлийг үгүй хийж, Аргентиний багийг 4:0-ээр бут ниргэсэн. Түүнчлэн Испанийн шигшээ 1:0-ээр Парагвайг хожиж, 1950 оны дэлхийн аваргыг эс тооцвол анх удаа  шөвгийн дөрөвт шалгарсан юм. Харин энэ шатнаас “амьд үлдсэн” цорын ганц Өмнөд Америкийн төлөөлөл нь дэлхийн хошой аварга Уругвай байлаа. Тэд Хар тивийн эцсийн найдвар болсон Ганын багтай тоглож, 1:1 харьцаатай тэнцэн, пенальти цохисноор 4:2-оор ялалт байгуулсан юм.

Дэлхийн аваргын хагас шигшээд Уругвай Монголын цагаар лхагва гаригийн шөнө Кейптаун хотноо Голландын багтай тоглох бол Герман болох Испанийн багийн тулаан пүрэв гаригийн шөнө Дурбан хотын Мосес Мабхида цэнгэлдэхэд өрнөх учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж