Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Төв, орон нутгийн иргэдийг хамруулан 3000 хүний дунд явуулсан түүвэр судалгаанаас үзэхэд нийт иргэдийн 38,2 хувь нь телевизээс, 17,5 хувь нь сонин, сэтгүүл, 14,3 хувь нь цахим хуудсаар мэдээлэл авдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Иргэдийн боловсролын түвшин, эрхэлж буй ажил, амьдарч буй газар орон зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж мэдээлэл авч буй эх сурвалжууд өөр өөр байгаа ч нийт дүнгээрээ телевизээс хамгийн их мэдээллийг авдаг гэсэн дүгнэлтийг судалгааны багийнхан хийжээ.

… Гарьд, Батнягт, Дондог болон Гэрэлмаа нар бол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид. Үзэгчдийн анхаарлыг өөр дээрээ хамгийн их татаад байгаа царайлаг залуу дэслэгч Гарьд бол сургуулиа төгсөөд удаагүй, одоо манайхны хувьд шинэ тутам сонсогдохоо больсон эрх зүйн шинэчлэл, хүний эрхийн асуудлаар толгойгоо нэлээд сайн цэнэглэсэн, ирээдүйнхээ талаар өөдрөг бодолтой нэгэн. Харин Батнягт нь манай цагдаа нарыг бэлтгэж ирсэн НВД буюу Дотоодыг хамгаалах сургуулийг Орост дүүргэсэн, жаахан хуучинсаг барилтай. Тэр нь ч “хуучин цагт ч хулгайч нартай ингэж харьцдаггүй л байсан даа. Одоо ч бараг л эрхлүүлдэг болж дээ” гэх маягийн ярианаас нь хааяахан цухалзана. Гэлээ ч хүн л юм чинь ирж яваа цагийн өнгө аяс, амьдарч байгаа нийгмийнхээ шаардлагад нийцэж, цаг хөл нийлэх, ядаж л тэгж харагдахын тулд чармайж таарна. Хошууч Дондог бол насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж, хатуу хөтүүг нь үзсэн, хашир туршлагатай, шударга шулуун, гүжирмэг монгол эр. Буриад цустай, өвөө нь их хэлмэгдүүлэлтийн үед амьдарч, цаг үеийнхээ золиос болсон учраас Дондог ахлагч ажилдаа нэлээд няхуур ханддаг, хүнийг хэлмэгдүүлэх вий, андуу эндүү гаргаж хохироочих вий хэмээн болгоомжилдог, хашир тулхтай хүн. Харин дэслэгч Гэрэлмаагийн хувьд угийн аливаа юмыг учир шалтгааныг хөөж явдаг, сэтгэлийн хөдлөлд тэр бүр автаад байдаггүй, хатуу талдаа эрчүүдийн дунд киног бүтээгчдийн зүгээс эсрэгцүүлэн тавьсан эмэгтэй гол дүр. Эмэгтэй хүний зөн совин, нягт няхуур, хартай зан ч бас зарим талаар цагдаагийн ажилд тусалдаг. Энэ бол киноны эхний ангиудыг үзээд төрсөн сэтгэгдэл шүү дээ.

“Боловсрол суваг” телевизээр гарч буй “Мөрдөгч” кино нийтдээ 40 ангитай аж. Анги бүрт нэг л үйл явдлал, нэг гэмт хэргийг үзүүлж, түүнийг илрүүлэхийн төлөө явж буй цагдаагийн мөрдөгчдийн эцэс төгсгөлгүй эрэл хайгуул ундарна. Сая хол давсан хүнтэй их хотын амьдралд өдөр бүр тохиолддог адал явдал, дүүргийн цагдаагийн ажилтнуудтай өдөр тутам тохиолддог жижиг хулгай, ахуйн гэмт хэргүүдээс эхлээд, хүн амины ноцтой гэмт хэргийн араас ч манай мөрдөгчид л мөшгинө. Ингэхдээ мэргэжлийн ямар ур чадвар гаргаж, хэрхэн ажиллаж, алдаж бас онож явааг дэлгэцнээ нэг бүрчлэн харуулна даа.

Өөр бас хоёр, гурван туслах дүр бий. Дөрвөн мөрдөгчдийн арын албыг нугалж, нотлох баримтад дүн шинжилгээ хийдэг шинжээч залуу, Гарьдтай үе насны учраас ирээдүйдээ том мөрдөгч болно, үгүй гэхэд нэг том хэрэг илрүүлээд гавьяа байгуулчихвал авдаг цалингаараа ч гэсэн түүний дор орохгүй дээ гэсэн мэргэжлийн амбицтай эргүүлийн цагдаа Цогоо, Нямбуу хоёр…

Өмнө нь АТГ-ын захиалгаар NTV телевизийн бүтээсэн “Ус дээшээгээ урсдаг”, цагдаагийн ажилтнуудын ахуй амьдралаар МҮОНТВ-ийн бүтээсэн “Амьдрал чиний төлөө” гэхмэтчилэн олон ангит сериалууд хэдийнээ үзэгчдийн хүртээл болсон. “Ус дээшээгээ урсдаг” киноны хувьд төдийлөн үзэгчдэд хүрч чадаагүй. Харин “Амьдрал чиний төлөө” чамлахааргүй үзэгчтэй байсан ч МҮОНТВ-эд өөрийнх нь нэг “школ” гэмээр онцлог байдаг л даа. Нэг хүн, эсвэл нэг хэсэг хүмүүсийн амьдралыг барьж аваад, гол сэдвээ болгоод, тухайн хүний ар гэр, авгай хүүхэд гэх мэтчилэн уг хүнийг л тойрсон үйл явдал өрнөөд байдаг. Илүү аж байдлын шинжтэй, драмтай гэхүү дээ.

Харин “Боловсрол суваг” телевизээр гарч байгаа “Мөрдөгч” киноны тухайд илүү мэргэжлийн шинжтэй сериал болсон юм шиг. “Мэргэжлийн” гэдэг нь уран сайхан талаас нь хэлж байгаа юм биш л дээ. Мөрдөгч гэдэг тухайн мэргэжлийн онцлогийг барьж аваад, тэр шугамнаасаа гарахгүй яваад байгааг нь хэлж байгаа юм. Америкийн сериалууд ч гэсэн тийм л байдаг биз дээ. Нэг ёсондоо хэрэг мөрдөлт гэж юу юм, мөрдөгчид ямар хүмүүс байх ёстой, яаж ажиллах ёстой юм, жирийн иргэний эрх ашиг хаана байж, яаж хамгаалагдах вэ гэх мэтчилэн цагдаагийн ажлыг л харуулсан. Зарим талаараа цагдаад хийгдэж байгаа шинэчлэл хэрхэн явж байна вэ гэдгийг жирийн иргэнд илүү ойлгомжтой байдлаар үзүүлсэн, үүнийхээ хажуугаар хуучин арга барил, олон нийтэд ад үзэгдээд байгаа дадал зуршлаа ч гэсэн ил гаргасан, нийт дүнгээрээ цагдаагийн байгууллага, ажилтнуудын мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд хүрэх гэж зорьж байгаа чиг хандлага руу ойртуулсан, өөрчлөлтийг үзүүлсэн кино болсон юм уу даа. Тэр дунд нь харин жирийн иргэдийн амьдрал, тэдэнд учирч буй эрсдэл яваад байдаг.

Холливуудын болон гадаадын бусад кинонуудаас бид байнга л хардаг байсан даа. Гэмт хэрэгтнийг баривчлахдаа “Таныг тийм тийм хэрэгт сэжиглэн баривчиллаа. Та дуугүй байх эрхтэй, өмгөөлөгч авах эрхтэй. Одоо хэлсэн үг чинь таны эсрэг нотлох баримт болж болох тул үг хэлэхгүй байж болно” гэх мэтчилэн баахан хуулийн зүйл заалт сануулдаг. Манайд яг тийм практик байдаг эсэхийг мэдэхгүй юм. Надад бол жаахан “фантааз” л харагдсан, өөр бусад зарим зүйл дээр ч гэсэн. Нэгэнт уг кино маань өөрөө баримтат кино ч бус, уран сайхны кино учраас бүх үйл явдал, үзэгдэл дээр хуулийг үг үсэггүй давтаад, тайларлаад байх боломжгүй л дээ. Тэгээд ч киноны зохиогчид хуулийн талаасаа бол “мэргэжлийн бус” нөхдүүд. Гэхдээ өөр өөрийн үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, философитой, тэр хэрээрээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр алдартай нийтлэлчид зохиолыг нь бичиж, киноны мэргэжлийн хүмүүс зураг авалт болон найруулгыг нь хийсэн гэдэг утгаараа өмнө гарч байсан олон ангит сериалуудаас ара онцлогтой. Артаньяан, Анхбаяр, Батбаяр, Билгүүн, Миеэгомбо гээд нэрлэхээр интернет хэрэглэгчид, цахим орчинд бол андахгүй.

Нийт 40 анги киног таван зохиолч хувааж аваад анги ангиар нь бичсэн юм билээ. Үүний тулд нэлээд судалгаа хийсэн гэдгийг харин хэлэх хэрэгтэй. Киноны зохиолчид өөр өөрийн сэдвийг хувааж аваад зохиолоо эхлэхийн өмнө олон удаагийн тойрон аялал хийж, дүүргийн цагдаагийн хэлтсүүд, хорих ангиудаар яван гэмт хэргийн судалгаа хийсэн, зохиол бичигдэх болон зураг авалтын явцад байнга мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй ажилласан гэдгээ хэлж байсан. Мэдээж гол ажлыг “Боловсрол суваг” телевизийн уран бүтэлчид нугалсан. Үүнээс өмнө тус телевизийн уран бүтээлчдийн хийсэн “Амьдралын ээдрээ”, “Гурван найз” кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй, хуучраагүй байна. Тус телевизийн хувьд МҮОНТВ-ийг оролцуулаад телевизийн уран сайхны, тэр дундаа олон ангит сериал киноны хувьд бусад телевизүүдээсээ нэг шат түрүүнд яваа. Гэхдээ МҮОНТВ-ийн хийдэг сериалуудын хувьд өөрийн гэсэн онцлогтой гэдгийг дээр хэлсэн.    

“Мөрдөгч” киног яг хийж эхэлсэн нь гэвэл өнгөрсөн оны наймдугаар сараас юм билээ. Кино зохиолууд бичигдэж эхэлсэн гэсэн үг. Энэ оны зургадугаар сард зураг авалт дуусч, монтажиндаа ороод өнгөрөгч даваа гаригаас цацагдаж эхэлсэн. Захиалагч нь Хууль зүйн яам. Магадгүй бичвэрийн эхэнд дурдсан шалтгаанаар хууль зүйн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн сэдвийг энгийншүүлэн кино хальсанд буулгасан нь энэ байх. Тэгээд ч бүхэл бүтэн 40 анги киног аравхан сарын дотор хийж дуусгана гэдэг киног бүтээгчдийн хувьд том амжилт. Их ч шахуу ажилласан байх. Цаг хугацаа гэдэг мөнгө шүү дээ.

Миний санахад TV5 гэдэг телевиз байгуулагдсанаас хойш Монголд Солонгос киноны эрин үеэ эхэлсэн. Хоёр сая гаруйхан хүнтэй Монголд бий болсон 20 гаруй телевиз үзэгчдээ хувааж, тэднийг зурагтын өмнө удаан хугацаагаар барихын тулд өртөг хямдыг нь бодоод Солонгосын телевизийн сериалуудыг ямар ч цензургүйгээр орчуулан гаргадаг болсон билээ. Оронд нь Со нар манайд өөрсдийн бүтээгдэхүүний сурталчилгааг үнэ төлбөргүйгээр “шахсан”. Со киног дагаад Со хоолны газрууд, Солонгосын соёл ч Монголд хүч түрэн орж ирж байгаа. Харин сүүлийн хоёр, гурван жилд “Солонгосын соёлын нөлөө хэтэрхий их боллоо. Хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлж байна” гэдэг шүүмжлэл үзэгчид, ялангуяа эцэг эхчүүдийн зүгээс гарах болсон тул Монголын телевизүүд өөрсдийн сериалуудыг хийж, өрсөлдөөний шинэ үе эхэлсэн билээ.

“Боловсрол суваг” телевийн хувьд миний мэдэхийн гурав дахь киногоо амжилттай хийчихлээ. Арван жилийн сургуулийн дунд ангийн хүүхэд “Мөрдөгч”-өө үзнэ ээ гэж байхыг бодоход энэ кино нийгмийн бүх хэсэгт хүрч чадахаар болсон бололтой. Дээр нь Инчонд болсон Азийн наадам дээр Со нарын гаргасан авираас болж Со кино, Со хоолны газруудтай “дайн зарласан” монголчуудын хилэн ч бас уг киног улам илүү амжилтад хүргэх магадлалтай.

МУИС-ийн Хууль үйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан өөрийн цахим хуудсандаа уг киноны тухай “Монголын нийгмийн нэг үнэт зүйл болох хүний эрх, шударга ёсны тогтолцоо, түүний чухлыг таниулаха чиглэсэн анхны олон ангит кино болсон. Хүчирхийлэл, түүний хор уршиг, гэмт хэргийн мөрдлөгөд хүч албадлага гэхээсээ илүү ур ухаан, мэргэжлийн арга техник чухал болох, мөрдөгч хүн ямар байх, нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдгийг харуулсан” хэмээн үнэлж, ялангуяа хүний эрхийн хичээлд сууж буй оюутнууддаа үзэхийг зөвлөсөн байна лаа. Тиймээс уг киноны сэдвийг зүрх гарган барьж авсан “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид болоод кино багийнханд дахин талархал илэрхийлье. Уран бүтээлчдийн нийгмийн хариуцлага гэж магадгүй үүнийг л хэлэх байх.

Б.СЭМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж