“SONY”-гийн 3D зурагт энэ зун худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

“SONY”-гийн 3D зурагт энэ зун худалдаанд гарна

Алдарт “SONY” корпорацийн гэрийн нөхцөлд зориулсан цоо шинэ гэж болох 3D зурагт зургадугаар сарын 10-наас эхлэн худалдаалагдаж эхлэх гэнэ. 46 инчийн 3D зурагт 350 мянган иен буюу 3898 ам.долларын үнэтэй байх ба энэ нь “SONY”-гийн энгийн хавтгай дэлгэцтэй зурагтаас даруй 52 хувиар үнэтэй юм. Өнгөрөгч ням гаригт болж өнгөрсөн Оскарын наадмаас гурван шагнал хүртсэн “Аватар” мэтийн 3D кино сүүлийн үед багагүй амжилт дагуулж байгаа учир гэртээ тэдгээр киног техник, технологийн өндөр төвшинд үзэх сонирхолтой худалдан авагчид олширч байгаа нь 3D зурагтны борлуулалтыг өсгөх гол хүчин зүйл болж байна. “SONY”-гийн 3D зурагтны хамт хоёр хос тусгай зориулалтын дуран бүхий нүдний шил дагалдах бөгөөд дурангийн мэдрэгч нь үзэгч хаана байгаагаас хамаарч дуу болон дүрсний чанарыг тохируулах гэнэ. Хэрэв нэмэлт нүдний шил худалдан авахыг хүсвэл нэг хос бүр нь 12 мянган иений үнэтэй байх ажээ. Сүүлийн үед 3D буюу гурван хэмжээст дүрслэл хүчээ авч, энэ төрийн кино, видео тоглоом ихээр гарах болж, мөн үйлдвэрлэгчдийн зүгээс 3D дэлгэцтэй зурагт зэргийг үйлдвэрлэх болсон билээ. Жишээ нь гэхэд л, “Walt Disney”-н эзэмшилд байдаг “ESPN” телевизийн суваг энэ зунаас эхлэн 3D спортын хөтөлбөрт нэвтрүүлэхээр болсон юм.
“SONY” корпорацийн зүгээс 3D зурагтны борлуулалтын дүнг урьдчилсан байдлаар тооцоолж, чамлахааргүй хэмжээний ашиг олно хэмээн төлөвлөж байгаа ажээ. Тэд 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны дөрөвдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд 25 сая нэгж LCD буюу шингэн болор дэлгэцтэй телевиз худалдаална гэсэн тооцоотой бөгөөд тэдгээрийн 10 орчим хувь нь 3D зурагт байх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж