Инчёны наадам өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Инчёны наадам өндөрлөлөө

Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчён хотод болж өнөөдөр өндөрлөлөө.  Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав.

Үүнийг тодруулбал, Монголын боксчдоос анхны Азийн наадмын аваргыг ОУХМ Д.Отгондалай, таеквондын тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр,  марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарсан, Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ. Чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртлээ. Мөн Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Чулуунбадрахын Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов.  25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэв.  Түүнчлэн Азийн наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид маань гайхалтай тоглолтуудыг үзүүлж, шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ. Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолтууд үргэлжилсэн 16 хоног өнгөрлөө.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж