Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй

Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны гурав дахь “Их дуулга”-ын тэмцээн манай хойд хөршийн нийслэл Москва хотноо амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 154 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн 55 улсын 500 орчим жүдоч өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 10, нийт 23 тамирчин хүч сорин өрсөлдсөн юм.

Өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас Р.Анхбаатар /81 кг/, Д.Нямхүү /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/, О.Жавзмаа /+78 кг/ нар Москвагийн татамид гарч өрсөлдсөн боловч харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, удаахь барилдаанд Египетийн шилдэг бөх Рамадан Дарвишт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол мөн энэ жинд хүч сорьсон Б.Тэмүүлэн эхний тойрогт мөн хийлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөх Рамзиддин Сайидовыг ялсан боловч дараагийн барилдаандаа Японы бөхөд ялагдсан байна.

81 кг-ын жингийн ангилалд барилдсан Р.Анхбаатарын тухайд эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Францын тамирчинд ялагдсан бол Д.Нямхүү Египет, ОХУ, Польшийн бөхчүүдийг дараалан буулган авсан ч Их Британийн жүдоч Июан Бартонд ялагдсанаар медалийн төлөө барилдах боломжгүй болжээ.

Манай бусад бөхчүүдийн тухайд Э.Энхбат /90 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/ нар хатуухан сугалаа татаж, эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Энэ өдөр зодоглосон манай эмэгтэй жүдочдын хувьд 70 кг-ын жингийн ангилалд Ц.Наранжаргал эхний тойргийн барилдаанд зохион байгуулагч орны тамирчинд ялагдсан бол -78 кг-д П.Лхамдэгд мөн эхний барилдаандаа Бразилийн бөхөд ялагдаж, тэмцээнийг орхижээ. Түүнчлэн хамгийн хүнд жин болох +78 кг-д О.Жавзмаа мөн л эхний тойргоос тэмцээнээ дуусгасан бол Д.Цэрэнханд нэг ялж, нэг ялагдсанаар өрсөлдөөнөөс хасагдсан байна.

Сануулахад, бямба гаригт болсон эхний өдрийн барилдаанд 60 кг-ын жинд Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, Ч.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар шагналт тавдугаар байрт шалгарсан билээ.

Ийнхүү манай жүдочид багийн дүнгээр 13-р байрт бичигджээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж