Ардчилсан хүчний холбооны нийслэлийн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны нийслэлийн чуулган эхэллээ

"Монголоо шинэчилье" уриатай Ардчилсан Хүчний Холбооны Нийслэлийн чуулган эхэллээ. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох чуулганы нээлтийн арга хэмжээ болж байна. Нээлтийн арга хэмжээнд  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ж.Батзандан болон нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан Хүчний Холбооны 350 гаруй гишүүд дэмжигчид, зочид төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн чуулган “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Ардчилсан Хүчний Холбоо сонирхолын бүлгүүдэд тулгуурлан ажилладаг. Эдгээр сонирхолын бүлэг, клубуудээрээ дамжуулан нийгмийн олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай холбоонд УИХ-ын 10 гишүүн байдаг. Бүсийн чуулган бүрээр нийгмийн асуудал хөндсөн хэлэлцүүлэг явагддаг, тэндээс гарсан шинэ санаа, санаачилгыг хууль тогтоох дээд байгууллагад хүргэдэг онцлогтой." хэмээсэн. Байгуулагдаад таван жил болж буй Ардчилсан хүчний холбооны энэ удаагийн Нийслэлийн чуулганаараа өнгөрсөн хугацаанд хийж, бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэх аж.

Мөн энэ үеэр уламжлал ёсоор холбооны гишүүд, дэмжигчдээ хөгжүүлэх сургалт явуулж, Ардчилсан Хүчний Холбооны нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх зорилгын хүрээнд нийгмийн асуудал хөндсөн нээлттэй хэлэлцүүлгүүд явагдах юм байна. 

Тус холбооноос өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд бүсийн чуулгануудыг зохион байгуулсан. Анхны чуулган 2012 оны хоёрдугаар сард Төрийн ордонд болж байсан. Энэ чуулганд нийслэл болон 21 аймгийн төлөөлөл оролцож байсан билээ.

  • Баруун бүсэд болсон II чуулган 2013 оны наймдугаар сарын 9-11-ний хооронд Хөвсгөл аймгийн Хатгал суманд болсон. “Монголоо шинэчилье” уриатай баруун бүсийн чуулганд тус бүс нутгийн есөн аймгийн 400 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр “Баруун бүс ба хязгаар нутгийн асуудал”, “Баруун бүсийн нийгэм хамгаалал ба эрүүл мэндийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг, сургалт, “Монголоо шинэчилье”, ‘Төрийн албаны шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.
  • Говийн бүсийн чуулга уулзалт 2013 оны есдүгээр сарын  12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болсон. Чуулганд есөн аймгийн 500 гаруй төлөөлөл оролцон Монгол Улсын эдийн засгийн гол салбар болсон уул, уурхайг үндсэн сэдвээ болгож “Уул уурхай ба говийн бүсийн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
  • Төвийн бүсийн чуулган Орхон аймагт энэ оны зургадугаар сарын 20-22-нд болсон. Тус чуулганд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон нийслэлийн дөрвөн дүүргийн 800 орчим гишүүд дэмжигчид оролцсон билээ.
  • Зүүн бүсийн чуулган энэ оны наймдугаар сарын 6-12-нд Дорнод аймгийн Буйр нуурын эрэг дээр болсон. "Баялаг бүтээж Монголоо шинэчлье” уриатайгаар явагдсан Зүүн бүсийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцон уул уурхай, эдийн засаг, төмөр замын асуудал болон зүүн бүсийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн.

Эдгээр чуулгануудын үеэр явагдсан хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг нэгтгэн Ардчилсан Хүчний Холбооны үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж боловсруулан гаргадаг уламжлалтай. Уг зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохоор тус холбооны манлайлагч гишүүд, УИХ, ЗГ-тай хамтран ажилладаг юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж