Засгийн бүтцийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Засгийн бүтцийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв?

Энэ долоо хоногийн төгсгөлд улс төрийн гол сэдэв засгийн газрын бүтцийн тухай байсан шиг ирэх долоо хоног бүхэлдээ мөн энэ сэдвээр өрнөх нь тодорхой болов.  Засгийн газрын бүтцийг цомхон болгохоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-д оруулж ирсэн төслийн талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг Ньюс агентлаг хүргэж байна. Уг хуулийн төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр тусгажээ.

Р.Гончигдорж: Ерөнхий сайд засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ хэд хэдэн зүйлийн зарчим барьсан гэдгээ хэлж байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тодорхой салбарын бодлогыг нарийвчлах шаардлагатай байсан. Тэр үүднээс 16 яам байгуулан хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Энэ хугацаанд бодлогын шийдлүүд гарч, илүү тогтвортой болж ирсэн. Жишээлбэл, эдийн засгийн бодлогын асуудлыг нэг сайдын хүрээнд эрхэлсний дүнд Монгол Улсын эдийн засгийг гадна талын хүнд сорилт бүхий орчинд мөнгө санхүү босгох, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Энэ чиглэлд Хөгжлийн банк байгуулагдаж, хэд хэдэн бондын хөрөнгө боссоноор цаашид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил Сангийн яаманд байсан тэр чиглэлээр цаашид гүйцэтгэлээ хэрэгжүүлээд явах боломжтой болж үзсэн байна.

Су.Батболд: Засгийн газрын бүтцийн асуудлаар биш, засгийн газрын гишүүний сэлгээний асуудлыг УИХ-д оруулж ирсэн бол илүү хэрэгтэй байв. Энэ засгийн газрын гол зорилго нь эдийн засгийг хөгжүүлж, эрчимжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа гэж харж байгаа. Гэтэл эдийн засгийн чиглэлийн гол яамдаа татан буулгах, нэгтгэх гэж буй нь байгаа оносонгүй явдал. Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа зарим яамдыг тодорхой тогтоогоод өгчихмөөр байгаа юм. Тэгэхгүй бол хэн нэгэн хүнд зориулан яам бий болгох, фракциудад зориулж албан тушаал бүтэц бий болдог зүйл байсаар байх нь.

Д.Батцогт: Бүтэц ерөөсөө таалагдахгүй байна. Зам тээвэр болон барилгын яамыг нийлүүлж байгаа нь буруу. Засгийн газрын хийсэн бүтээсэн нь энэ хоёр яамтай холбоотой. Үйлдвэрээ бодоод ХАА-гаа хаяж байгаа явдлыг ард түмэн буруутгаж байгаа шүү дээ. Заавал энэ оруулж ирсэн бүтцээр батлах ёстой ч юм уу. 

 

 

Д.Зоригт: Засгийн газрын үйл ажиллагааны бодит бүтээн байгуулалтыг хийж байгаа яамдыг нийлүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Жил есөн сарын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд шинэ хүмүүс томилогдоно, ажилтайгаа танилцана, шинэ бодлогоо гаргана. Ингэснээр цаг алдана, хурд саарна. Эцэст нь Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өмнө нь яамдыг салгаж буцаан нийлүүлж байсан. Иймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ зүйлд хүрэхгүй

Ц.Нямдорж: 2012 оны сонгуулийн дараа баахан яам байгуулсан. Хожуу ч гэсэн ойлгож, бага зэрэг өөрчлөлт хийж байгаа оролдлого нь зөв юм даа.

 

 

 

Ц.Даваасүрэн: Яамдын тоог цөөлснийг дэмжиж байна. Харин одоо улс орны хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийх ёстой юм. Төр төлөвлөлт хийх чадвараа гээчихээд байна. Мөн хамгийн чухал нь яамдууд мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Нам бүлгийн шагналаар томилогдсон чадваргүй хүмүүсээ өөрчлөхгүйгээр бүтцийн ямар ч өөрчлөлт хийгээд нэмэргүй.

 

Р.Бурмаа: Нэг яамыг нь салгаад нөгөө дээр нь нэмж байгаа нь оновчгүй. Бүтцийн өөрчлөлтийг хийхдээ судалгаа, шинжилгээгээ муу хийсэн байна. Мөн өөрчлөлт хийж байгаа байдал нь ойлгомжгүй байна.

 

 

 

Сү.Батболд: Хоёр жилийн дотор Засгийн газрын бүтцийг өөрчилж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл, төрийн залгамж чанараа үгүйсгэж байгаа хэрэг. Өмнөх Засгийн газар 12 яамтай ажиллаж байсан. Одоогийн өөрчлөлтөөр 13 болгож байгаа нь өмнөх бүтэц рүү орж байгаа хэрэг.  

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж