Засгийн газрын бүтэц эхний даваагаа давлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүтэц эхний даваагаа давлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 82.5 хувийн саналаар дэмжин “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр Засгийн газрын бүтцэд хийх сэлгээ эхний даваагаа даваад байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн энэхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яаманд нэгтгэж, Сангийн яам, Уул уул уурхайн яам Эрчим хүчний яамыг нэгтгэж, Геологи, уул уурхайн эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөхөөр тусгаад байна. Мөн Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлыг өргөжүүлж Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох. Үүнтэй холбоотойгоор Тэргүүн шадар сайдын албыг бий болгох. Одоогийн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Тэргүүн шадар сайдын мэдэлд шилжүүлэх зэрэг өөрчлөлт оруулахаар тусгасан юм. Мөн Ерөнхий сайдын дэргэд Үндэсний эдийн засгийн хөгжлийн хороог байгуулна. Ийм өөрчлөлт хийснээр нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болох аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Баярцогт нар “Бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь зөв боловч зарим талаараа таалагдахгүй байна” гэж тодотгосон бол УИХ-ын гишүүн Б.Болор “Бүтцийн өөрчлөлтийг хийсэн шиг хийж, Соёл спорт аялал жуулчлалын яамыг Эрүүл мэндийн яаманд нэгтгэх ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ. Мөн нэр бүхий гишүүд бүтцээ эхэлж батлуулж аваад сайд нараа зөв нэр дэвшүүлж томилох ёстой гэх зөвлөгөөг өглөө.

Ийнхүү Засгийн газрын бүтцэд хийх сэлгээг УИХ зөвшөөрч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр ирэх долоо хоногт багтаж шинэ бүтэц батлагдах болж байна.

“Эзэн 100” хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү?

Энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэлээ. Уг хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн бөгөөд “Эзэн 100 хөтөлбөр” улс орны эдийн засагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг өргөс авсан мэт арилгах зорилго тавиагүй. Бизнес эрхлэхэд саад тотгор болж ирсэн чирэгдлийг халах зорилгоо биелүүлсэн гэж дүгнэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд талхны үнэ 850 төгрөгөөс 1150 төгрөг болж 300 төгрөгөөр өссөн бол орон сууцны үнэ хоёр жилийнхээс 2.6 дахин өссөн.  Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1906 төгрөгтэй тэнцсэн нь Монголын түүхэнд анх удаа валют дээрх жишигт хүрч, ханшийг шинэчлэн тогтоосон. Хоёр жилийн хугацаанд 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан төдийгүй зөвхөн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэн 100 хоногийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан нь эдийн засаг сэргэх биш хүндэрсэн гэж дүгнэхээс аргагүй байна гэлээ.

Мөн 2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед 150 мянган төрийн албан хаагчтай байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 30 мянгаар нэмэгдсэн. Тэдний сарын цалин хамгийн багадаа 500 мянган төгрөг гэж тооцоход 300 тэрбум төгрөг зарцуулагдсан. Түүгээр цалин, тэтгэврийг нэмэх боломж байсан, эсвэл 200 гаруй цэцэрлэг шинээр барих мөнгийг ийн төрийн данхгар албыг цалинжуулахад зарцуулсан хэмээн шүүмжлэв.

Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд бодит амьдрал ямар байгааг олж харахгүй бол Оюутолгойд ажиллаж байсан залуус хэдэн зуугаараа ажилгүй болж гэр рүүгээ буцсан. Бусад уурхайд ч байдал ийм. Хоёр жилийн өмнө хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөнтэй ресторанд ороход ширээ олддоггүй байсан бол одоо 20 хувь нь л хүнтэй. Сонины зарыг харахад “Үл хөдлөх хөрөнгүүдийг зарна” гэсэн зар маш их болсон. Ихэнх нь цайны газар, үйлдвэрлэл явуулж байсан цехээ зарна гэдэг.  Хорооллын үйлчилгээний төвүүдийн лангууны 50 хувь хоосон болсон. Түрээсний мөнгөө төлөх боломжгүйгээс болж… Байдал ийм болчихоод байхад “Эзэн 100” сайн болсон гэж үзэх нь ёс зүйгүй гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард иргэдээс авдаг торгууль шийтгэврийн хэмжээ хоёр дахин өссөн байтал ард иргэдийнхээ халаасанд үлдээсэн мөнгө өссөнгүй. Цалин тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд 10-60 орчим хувиар өссөн. Төрийн алба тойрсон хулгай тасарсангүй. Монгол Улсын өр 20 тэрбум ам.доллар боллоо. Яагаад ийм байдалд хүрчих вэ гэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын  өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй. Бодитой шалтгаанууд бий юу гэвэл бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ хэд дахин унасан. Үүнээс болж, 2011 онд уул уурхайн баялгаар дамжиж орж ирж байсан орлогын хэмжээ 2014 онд хэд дахин  буурсан. Үүнийг хаа, хаанаа ойлгох ёстой. Нөгөө талдаа Оюутолгойгоос Монгол Улсад борлуулалтын орлого хэлбэрээр 700 сая ам.доллар орж ирээгүй байна. Энэ бүхэн нь эргээд хүндрэл учруулж байна” гэв.

Харин Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Улсын хэмжээнд нийт 99600 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 54 мянга орчим нь үйл ажиллагаа эрхэлж бусад нь Х тайлан гаргадаг. Энэ нь одоо бий болсон үзэгдэл биш, өмнөх Засгийн газрын үед ч байсан. Өнөөгийн байдлаар 44854 жижиг дунд үйлдвэрлэл ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өмнөх жилүүдийнхээс өссөн тоо гардаг. Хөдөлмөрийн яам энэ онд 51 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавьсан, түүндээ хүрч байгаа. Ажилгүй иргэдийн тоо өссөн асуудал байхгүй, бүртгэл сайжирахын хэрээр, хороо бүрт Хөдөлмөрийн бирж ажиллаж, иргэдийг ажил хөдөлмөрт зуучилдаг болсон. Тодорхой бэрхшээлүүд гарч байгааг үгүйсгэхгүй” гэлээ.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тэтгэвэр, тэтгэмжийг өнгөрсөн онд инфляцийн төвшинтэй нь уяж нэмсэн. Ирэх онд мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ” гэлээ.  

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар алдаагаа засахгүй бол зургаан сарын дараа нийгэм, эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэлээ. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд энэ онд эдийн засгийн өсөлт сайд Н.Батбаярын хэлж байсанчлан 10 хувьд хүрэхгүй зургаан хувьтай гарна. 2014 оны төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарна. Төлбөрийн тэнцэл 2012 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2014 онд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байгаа аж.  Өрийн хэмжээ 2011 онд ДНБ-ний 32.7 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр өр ДНБ-ний 67.5 хувьтай тэнцэнэ. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 40 хувиар өссөн. Ханшны хямрал санхүүгийн хямрал болчих вий, бодлогын алдаагаа засч чадаагүй учраас энэ үзэгдлүүд гарч ирээд байна” гэсэн юм.

Ийн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ баасан гаригийн хуралдаанаа өндөрлүүлсэн юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж