Монголын залуучуудын холбооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газартай хамтран “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд “Залуучууд ба бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 21 аймаг, есөн дүүргийн залуучуудын төлөөлөл, ТББ-ын төлөөлөгчид /НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо/ оролцжээ. Энэ үеэр өнөөгийн залуучуудад тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанд үндэслэн Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, Залуучууд ба оролцоо, Залуучууд ба боловсрол, Залуучууд ба эрүүл мэнд, Залуучууд ба хөгжлийн бэрхшээл, Залуучууд ба гэр бүл, жендэр гэсэн сэдвүүдээр санал солилцсон байна. Ялангуяа орон нутаг болон салбар бүрийн төлөөлөл болсон залуус тулгарч буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Үүнээс залуучуудын дунд хамгийн бэрхшээлтэй байгаа асуудал нь хөдөө орон нутагт намчирхах үзэл их байдгаас хийх, бүтээх эрмэлзлэлтэй залуусын ажилд саад, тээг болдгийг учирласан байна. Мөн залуусын гэр бүлийг дэмжих бодлогыг сайжруулах, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн салбарыг хөдөөд байгуулах саналыг хэлэлцүүлгийн үеэр гаргасан ажээ. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан бүхий л санаа бодлыг Үндэсний хүний хөгжлийн илтгэлд тусгахыг албаныхан онцоллоо.
Б.МИШЭЭЛ