Улсын өр 20 тэрбум ам долларт хүрсэн үү?

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Улсын өр 20 тэрбум ам долларт хүрсэн үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрхүү мэдээллээр өнгөрсөн жилийн наймдугаар сарын байдлаар экспортод гаргасан алт, нүүрсний хэмжээг энэ оны наймдугаар сарынхтай харьцуулахад өсчээ. Авто зам, бүтээн байгуулалтын ажлууд мөн энэ жил гүйцэтгэл сайтай байгааг онцоллоо.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд талхны үнэ 850 төгрөгөөс 1150 төгрөг болж 300 төгрөгөөр өссөн бол орон сууцны үнэ хоёр жилийнхээс 2.6 дахин өссөн.  Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1906 төгрөгтэй тэнцсэн нь Монголын түүхэнд анх удаа валют дээрх жишигт хүрч, ханшийг шинэчлэн тогтоосон. Хоёр жилийн хугацаанд 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан төдийгүй зөвхөн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэн 100 хоногийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан нь эдийн засаг сэргэх биш хүндэрсэн гэж дүгнэхээс аргагүй байна гэлээ.

Мөн 2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед 150 мянган төрийн албан хаагчтай байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 30 мянгаар нэмэгдсэн. Тэдний сарын цалин хамгийн багадаа 500 мянган төгрөг гэж тооцоход 300 тэрбум төгрөг зарцуулагдсан. Түүгээр цалин, тэтгэврийг нэмэх боломж байсан, эсвэл 200 гаруй цэцэрлэг шинээр барих мөнгийг ийн төрийн данхгар албыг цалинжуулахад зарцуулсан хэмээн шүүмжлэв.

Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд бодит амьдрал ямар байгааг олж харахгүй бол Оюутолгойд ажиллаж байсан залуус хэдэн зуугаараа ажилгүй болж гэр рүүгээ буцсан. Бусад уурхайд ч байдал ийм. Хоёр жилийн өмнө хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөнтэй ресторанд ороход ширээ олддоггүй байсан бол одоо 20 хувь нь л хүнтэй. Сонины зарыг харахад “Үл хөдлөх хөрөнгүүдийг зарна” гэсэн зар маш их болсон. Ихэнх нь цайны газар, үйлдвэрлэл явуулж байсан цехээ зарна гэдэг.  Хорооллын үйлчилгээний төвүүдийн лангууны 50 хувь хоосон болсон. Түрээсний мөнгөө төлөх боломжгүйгээс болж… Байдал ийм болчихоод байхад “Эзэн 100” сайн болсон гэж үзэх нь ёс зүйгүй гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард иргэдээс авдаг торгууль шийтгэврийн хэмжээ хоёр дахин өссөн байтал ард иргэдийнхээ халаасанд үлдээсэн мөнгө өссөнгүй. Цалин тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд 10-60 орчим хувиар өссөн. Төрийн алба тойрсон хулгай тасарсангүй. Монгол Улсын өр 20 тэрбум ам.доллар боллоо. Яагаад ийм байдалд хүрчих вэ гэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын  өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй. Бодитой шалтгаанууд бий юу гэвэл бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ хэд дахин унасан. Үүнээс болж, 2011 онд уул уурхайн баялгаар дамжиж орж ирж байсан орлогын хэмжээ 2014 онд хэд дахин  буурсан. Үүнийг хаа, хаанаа ойлгох ёстой. Нөгөө талдаа Оюутолгойгоос Монгол Улсад борлуулалтын орлого хэлбэрээр 700 сая ам.доллар орж ирээгүй байна. Энэ бүхэн нь эргээд хүндрэл учруулж байна” гэв.

Харин Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Улсын хэмжээнд нийт 99600 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 54 мянга орчим нь үйл ажиллагаа эрхэлж бусад нь Х тайлан гаргадаг. Энэ нь одоо бий болсон үзэгдэл биш, өмнөх Засгийн газрын үед ч байсан. Өнөөгийн байдлаар 44854 жижиг дунд үйлдвэрлэл ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өмнөх жилүүдийнхээс өссөн тоо гардаг. Хөдөлмөрийн яам энэ онд 51 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавьсан, түүндээ хүрч байгаа. Ажилгүй иргэдийн тоо өссөн асуудал байхгүй, бүртгэл сайжирахын хэрээр, хороо бүрт Хөдөлмөрийн бирж ажиллаж, иргэдийг ажил хөдөлмөрт зуучилдаг болсон. Тодорхой бэрхшээлүүд гарч байгааг үгүйсгэхгүй” гэлээ.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тэтгэвэр, тэтгэмжийг өнгөрсөн онд инфляцийн төвшинтэй нь уяж нэмсэн. Ирэх онд мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ” гэлээ.  

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар алдаагаа засахгүй бол зургаан сарын дараа нийгэм, эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэлээ. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд энэ онд эдийн засгийн өсөлт сайд Н.Батбаярын хэлж байсанчлан 10 хувьд хүрэхгүй зургаан хувьтай гарна. 2014 оны төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарна. Төлбөрийн тэнцэл 2012 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2014 онд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байгаа аж.  Өрийн хэмжээ 2011 онд ДНБ-ний 32.7 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр өр ДНБ-ний 67.5 хувьтай тэнцэнэ. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 40 хувиар өссөн. Ханшны хямрал санхүүгийн хямрал болчих вий, бодлогын алдаагаа засч чадаагүй учраас энэ үзэгдлүүд гарч ирээд байна” гэсэн юм.

Ийн УИХ-ын гишүүд “Эзэн 100” хөтөлбөртэй холбоотойгоор асуулт тавьж, саналаа хэлж дууссанаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг дуусч, хоёрдугаар асуудалд шилжээд байна. Энэ нь Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж