Үгүй, хүүхдээ ингэж нэрлэж болохгүй!

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Үгүй, хүүхдээ ингэж нэрлэж болохгүй!

Манайд эцэг эхчүүд хүүхэддээ хүссэн нэрээ л өгдөг, ламаас асуухыг эс тооцвол шүү дээ. Гэвч бусад улс орон бүрд ийм байдаггүй. Зарим улс оронд үүнийг хуулиар зохицуулдаг гэнэ. Эдгээр зохицуулалтын талаар “CNN” агентлаг танилцуулж байна.

1. Швед
1982 онд Шведэд хүүхдэд Нэр өгөх тухай хууль батлагдсан бөгөөд уг хуулиар хүүхдэд нэр өгөх асуудлыг зохицуулсан. Уг хуулинд “Хэрвээ хүүхдэд тухайн нэрийг хэрэглэх нь эвгүй байдал үүсгэх, доромжилсон утга агуулгатай бол тухайн нэрийг өгөхийг хориглоно” гэсэн зохицуулалт байдаг. Түүнчлэн хүүхдийн нэрийг сүүлд нь ганцхан удаа өөрчилж болдог бөгөөд өөрчлөлт нь анхны нэрний зарим хэсгийг агуулсан байх ёстой байдаг. Уг хуулийг эсэргүүцсэн нэгэн эцэг хүүхэддээ "Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb111163” гэсэн нэр өгснийг хуулийнхан бүртгэж авахаас татгалзсан байна. Дараа нь “А” гэсэн нэр өгсөн ч мөн татгалзсан байна. Түүнчлэн Metallica, Superman, Veranda, Ikea, Elvis гэсэн нэрүүдийг хүүхдэд өгч болохгүй гэж хуулиар хориглодог. Харин Google, Lego гэдэг нэрүүд өгч болдог гэнэ.

2. Герман
Германд хүүхдийн өөрт оноосон нэр буюу “first name” нь тухайн хүүхдийн хүйсийг тодорхойлж чаддаг байх ёстойгоос гадна хүүхдийн сайн сайхан байдалд сөрөг нөлөө учруулахгүй байх ёстой гэсэн байдаг. Түүнчлэн обьект болон бараа бүтээгдэхүүний нэрээр хүүхдээ нэрлэхийг хориглодог. Хүүхдэд өгсөн нэрийг хүлээн зөвшөөрөх үү эсвэл хориглох уу гэдгийг тухайн хүүхдийн төрсөн бүс нутгийн статистикийн алба буюу “Standesamt” шийддэг. Хэрвээ энэ албанаас хүүхдийн нэрийг бүртгэхээс татгалзвал шүүхэд давж заалдаж болох ч хэрвээ шүүхдээд ялагдвал өөр нэр сонгох ёстой болно. Түүнчлэн хүүхдэд нэр өгөх өргөдөл өгөх болгонд төлбөр төлдөг тул олон дахин өргөдөл өгөх нь үнэтэй тусах болно.

Хүүхдийн нэрийг хянахдаа “Standesamt” “Олон улсын хүүхдийн оноосон нэрний ном”-ноос харьцуулалт хийдэг бөгөөд хэрвээ Герман бус нэр өгвөл гадаадын элчин сайдын яамнаас тусламж авдаг. Ийм шат дараатай байдаг тул ихэнх гэр бүлүүд Maximilian, Alexander, Marie, Sophie зэрэг уламжлалт нэрс өгдөг. Хориглодог нэрний жишээ: Matti-г хориглодог. Учир нь энэ нэр хүүхдийн ямар хүйстэйг илтгэж чаддагүй гэж үздэг. Харин эрэгтэй хүүхдэд Legolas, Nemo зэрэг нэр өгөхийг зөвшөөрдөг.

3. Шинэ Зеланд
1995 онд батлагдсан хуулиар хүүхдэдээ “хэн нэгэн хүнд таагүй байдал үүсгээгүй, хэт урт биш, зохистой нэр өгөхийг зөвшөөрнө” гэж заасан байдаг. Тус улсад: Stallion, Yeah Detroit, Fish and Chips, Twisty Poi, Keenan Got Lucy, Sex Fruit, Satan, Adolf Hitler гэсэн нэрсийг хүүхэддээ өгөхийг хориглодог. Харин Benson, Hedges (ихэр хүүхдүүдэд), Midnight Chardonnay, Sixteen, Bus Shelter, Violence зэрэг нэр өгөхийг зөвшөөрдөг.

4. Япон
Японд өөрийн оноосон нэр, овгийн нэр өгдөг. Харин гагцхүү эзэн хааны гэр бүлийн гишүүд л ганц нэртэй байдаг. Хүүхэд нэрлэхэд зориулсан хэдэн мянган канжи буюу нийтлэг дүрс үгнүүд байдаг. Хүүхдэд чөтгөр гэсэн утгатай “Акума” гэсэн нэр өгөхийг хориглодог.

5. Дани
Дани улс хүүхдэд нэр өгөх асуудлыг маш хязгаарласан. Эцэг эхчүүд хүүхэддээ нэр өгөхийг хүсвэл урьдчилан зөвшөөрөгдсөн 7,000 нэрнээс хүүхэддээ сонгох хэрэгтэй. Хэрвээ жагсаалтанд байгаагаас өөр нэр өгөхийг хүсвэл эхлээд орон нутгийнхаа сүмээс зөвшөөрөл аваад, дараа нь орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Шинээр зохиосон үг бүхий нэр өгөхийг ихэнх тохиолдолд хориглодог.

Хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүүхдийн нэрс тухайн хүйсийг илтгэх ёстой гэж үздэг бөгөөд овгийн нэрийг оноосон нэр болгож хэрэглэхийг хориглодог. Ойролцоогоор 1,100 орчим нэрийг хүлээн авдаг бөгөөд тэрнээс 15-20 орчим хувийг нь зөвшөөрөхгүй буцаадаг байна. Түүнчлэн Данид ховор нэрийг хориглох тухай хууль байдаг. Хүүхдэд: Anus, Pluto, Monkey гэсэн нэрс өгөхийг хориглодог. Харин Benji, Jiminico, Molli, Fee гэсэн нэрнүүдийг зөвшөөрдөг.

6. Хятад
Хядадад хүүхдийн нэрийг зөвшөөрөх эсэхэд иргэний үнэмлэхэн дээр бичсэн тухайн нэрийг компьютерын сканнер уншиж чадах эсэх нь гол шалгуур болдог. Хятадын Засгийн газар иргэддээ уламжлалт хятад бичлэгтэй нэрс биш, харин хялбархан уншигдах, хялбаршуулсан бичлэгтэй нэрс хэрэглэхийг зөвлөдөг. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ өгөх нэрийг сонгох боломжтой ч Хятад биш тэмдэг, үсэг хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Ойролцоогоор 70,000 орчим Хятад тэмдэгт үсэг байдаг ч тэднээс зөвхөн 13,000-ийг нь компьютер таньж чаддаг. Үүнтэй холбоотойгоор Хятадын зарим иргэд нэрээ компьютерт зөв таниулахын тулд зарим өөрчлөлт хийж байна. Хориглодог нэрс: латин хэлний “@”  үсэг орсон нэр хүүхдэд өгөхийг зөвшөөрдөггүй. @ тэмдэг нь хятад хэлээр “хайртай” гэсэн утга бүхий “ай-та” гэж дуудагддаг тул хятад эцэг эхчүүд энэ тэмдгийг оролцуулж хүүхдээ нэрлэх дуртай байдаг гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж