Сэжигтэн өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй болно

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Сэжигтэн өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй болно

Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэнг өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг хангах зорилгоор Монголын Хуульдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Цагдан хоригдож буй үйлчлүүлэгчтэйгээ өмгөөлөгч ганцаарчлан уулзах боломжгүй байсан. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч нар удаа дараа санал хүсэлтээ тавьж, Хүний эрхийн үндэсний комисст хүртэл хандаж байсан удаатай. Энэ бүхний үр дүнд өнөөдөр уг асуудлыг ШШГЕГ-аас нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх алхамуудыг хийж байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар цагдан хорих байранд хоригдож байгаа иргэдийн  хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бодитоор хангах, өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй уулзах, харилцах боломжийг олгох ач холбогдолтой юм” гэв.  Харин ШШГЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Г.Туулхүү: Энэ үйл ажиллагаа бол эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг гэдгийг онцоллоо.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр хоригдсон этгээдийн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхийг бүх талаар, ямарваа хориг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх боломжтой болно. Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ битүү хаалттай цонхны цаанаас утсаар холбогдож буй одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж, өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ зохих хяналтанд шууд нүүр тулан уулзах нөхцөл, боломжийг бүрдүүлэх юм байна.

Өмгөөлөгч нар сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, цагдан хорих байрны дотоод журмыг чанд сахиж харилцан хүндэтгэлтэй хандахаар тусгагдажээ. Мөн зөрчил гаргасан өмгөөлөгчийн зөрчлийг хуульчдын холбооны сахилгын хороонд хүргүүлж хариуцлага тооцох механизм бүрдсэн байна.

С.ОТГОН
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж