Ашигтай төслийг дүгнэх үндэсний аргачлал хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Ашигтай төслийг дүгнэх үндэсний аргачлал хэрэгтэй гэв

– “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага 2014” олон улсын бага хурал болж байна-

“Пи Эм Ай” байгууллагаас “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага 2014” олон улсын бага хурлыг  өнөөдөр “Блью скай” цамхагт зохион байгуулж байна. Хоёр өдрийн турш болох уг хурал англи хэлээр явагдаж буй бөгөөд гадаад, дотоодын эдийн засагч, шинжээчид оролцож байгаа юм.

Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлагын асуудлаар олон улсын хурал хийж хамтдаа хэлэлцэж байгаа нь Монгол Улс болон Ази-Номхон далайн хөгжиж буй эдийн засагтай орнуудын хувьд цагаа олсон үйл явдал болохыг хурлын үеэр онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд Ази-Номхон далайн бүс нутаг дахь дэлхийн хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй нэмэгдсээр байгаа ажээ. Үүнээс үүдэн хөгжиж буй эдийн засагтай орнууд их хэмжээний хөрөнгө оруулалтыг шингээхэд бэлэн үү, тэдэнд томоохон хэмжээний төслүүдийг үр ашигтай удирдах мэргэшсэн төслийн удирдлага тогтсон уу гэх зэрэг асуудал гарч ирсээр байна. Тиймээс энэ асуудалд гадаад, дотоодын төлөөлөгчид санал солилцож буй.

Бага хуралд илтгэл хэлэлцүүлсэн эдийн засагч, шинжээчдийн байр суурийг онцолъё.

Mongolian investment holding group” –ийн захирал, CEO Д.Жаргалсайхан:

-Нийгэмд, иргэдэд ашиг тустай байж чадвал аливаа төсөл амжилт дагуулдаг. Иргэдэд ашигтай гэхээр манайхан бүгдээрээ нийлж тэр төслийн ашгийг хувааж идэхээр ойлгодог нь буруу. Төсөл ямар үед ашигтай байх вэ гэхээр, нийгэмд олон ажлын байр бий болгож, иргэд авсан цалингаараа үндсэн болон бусад хэрэгцээ буюу суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, худалдан авалт хийх нөхцөл бүрдэхийг хэлнэ. Үндсэндээ энэ гинжин холбоог бий болгосноор нь төсөл амжилттай хэрэгжиж чадсаныг дүгнэж болно. Харин нийгэмд тусгүй эсвэл бодит амьдрал буудаггүй төслүүд унадаг тохиолдол их шүү дээ. Жишээ нь, архины үйлдвэр стандартаа хангаагүйгээс хортой архи хийгээд бизнес хийх гэсэн биш бүр уруудах нь олонтаа. Ер нь цаашдаа  төслийн удирдлагыг сайжруулахын тулд ашигтай төслийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцох аргачлалтай болох хэрэгтэй.

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун:

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа нийт төслүүдийн цар хүрээ ихээхэн нэмэгдсэн. Өмнөх жилүүдийнхээс 10 дахин нэмэгдээд жилд ойролцоогоор нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төслөөр орж ирж байгаа байх. Барилга, дэд бүтцийн салбарт гэхэд төслийн ажил 2010 оноос эхлээд сайн явж байгаа. Цаашдаа зөвхөн энэ салбар гэлтгүй, бүх  салбарт хэрэгжүүлэх төслийн удирдлагыг сайжруулах тулд өндөр шалгуур тавьдаг байх хэрэгтэй. Улсын хөрөнгөөр төсөл хэрэгжүүллээ гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр босч байгаа учир тансаглал болгож, хамаагүй цацаж болохгүй. Том, жижиг нь хамаагүй аливаа төслийг үр ашигтай байлгахын тулд сайн тайлагнах шаардлагатай байна. Бид энэ урт замын дөнгөж эхэнд явж байж магадгүй, гэхдээ цаашдаа сайжрах болов уу гэж найдаж байна. 

Ийнхүү хөгжиж буй эдийн засагтай Монгол Улсын хувьд төслийн удирдлагыг сүүлийн үед голчлон ярьдаг боллоо. Төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны бүхий л явцад нийтэд тодорхой тайлагнаж, улмаар ашигтай төслийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлд тооцсон үндэсний аргачлалтай болох хэрэгтэй гэж эдийн засагч, шинжээчид үзэж байна. Бага хурал маргааш үргэлжилнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж