Д.Отгондалай: Ганц дайчин ганцаарддаггүй

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай: Ганц дайчин ганцаарддаггүй

-Монголын боксчдоос Азийн наадмын анхны аварга төрлөө-

“Инчён-2014” Азийн наадмын боксын тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан юм. Тэрээр өнөөдөр 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглож, 2:1 онооны харьцаагаар хожлоо.Монголын боксчид ийнхүү Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалиа хүртэж байна.

 

 

 

Д.Отгондалайгийн тоглолтын дараах сэтгэгдлийг хүргэж байна.

-Азийн наадмын аварга болж, Инчоны наадамд оролцож буй Монголын шигшээ багийн тав дахь алтан медалийн эзэн боллоо. Баяр хүргэж байна, танд.

-Түрүүлсэндээ их баяртай байна. Манай боксчид өмнө нь Азийн наадмаас хараахан алтан медаль авч амжаагүй байсан. Монголын боксчид энэ наадмаас аваргатай болохыг зорьж ирсэн. Алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчид нэг, хоёроор тогтохгүй байлаа. Гэхдээ манай хэд хэдэн тамирчин тийм боломж бусдын нөлөө, шүүлтээс болж алдсанд би маш их харамсч байна. Ийм нөхцөл байдал дунд ганцаараа үлдэхдээ “Би заавал ялж, баг хамт олон, ард түмнээ баярлуулах ёстой” гэж чадахаараа зүтгэлээ. Ний нуугүй хэлэхэд, их хүнд ачаа үүрчихсэн юм шиг өдрүүд өнгөрлөө. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэж бодоод, тоглолтдоо анхаарсан. Үүргээ биелүүлсэндээ баяртай байна. 

-Сэтгэлзүйн хувьд их хүнд байсан байх. Та төдийгүй хүн бүхэн энэ алтан медалийг, энэ амжилтыг хүлээж байлаа?

-Хүнд байсан. Сэтгэл санаа маань яг одоо л 100 хувь тайвширч байна. Манай баг хамт олныг сэтгэл санаагаар дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Монголын боксчид олимпийн алтан медальтай, дэлхийн аваргын алтан медальтай. Харин Азийн наадмын аваргагүй байсан. Тиймээс боксчдынхоо 40 жил хүлээсэн Азийн наадмын алтан медалийг эх орондоо авч очих болсондоо би туйлын их баярлаж байна.

-Өчигдөр болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтын дараа та “Надад ялагдах эрх байхгүй” гэж хэлсэн нь монголчуудад маань их урам зориг өгсөн. Танд маш олон хүн урмын үг илгээсэн байсан. Үүнийг дамжуулах ёстой байх?

-Маш их баярлалаа. Хэлсэндээ хүрсэндээ баяртай байна.

Б.БАДМАА /Инчён хотоос мэдээлэв/

 

 

 

Post by MSPU.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж