Увс аймгийн Улаангом хотод баригдсан 35 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүд 09 дүгээр сарын 11-нээс эхлэн туршилт тохируулгын ажлыг эхлэн хэрэглэгчдэд халаалт, хэрэглээний халуун усны хангалт хийж байна. Шинэ дулааны станц нь нийтдээ 7 дулаан дамжуулах төвтэй /ДДТ/ бөгөөд одоогийн байдлаар ДДТ2, ДДТ6-ийн хэрэглэгчид холбогдож, халаалт, хэрэглээний халуун усаар хангагдаж байна. Эрчим хүчний яамнаас шинэ болон хуучин дулааны станцуудыг зэрэгцээ ажиллуулах шийдвэр гарсан бөгөөд станцуудын хүчин чадал, дулааны шугамын нэвтрүүлэх чадварыг тооцоолон аймгийн төвийн дулааны хэрэглээг хуваарилсан. Эхний ээлжинд 2013 онд хийгдсэн зураг төслийн дагуу, 2014-2015 оны халаалтын улиралд ДДТ1 буюу Баялаг Од зочид буудлын дэргэдэх ДДТ, ДДТ7 буюу Банкны 24 айлын сууцны дэргэдэх ДДТ-ийн хэрэглэгчдийг шинэ дулааны станцад холбох ажлыг хийж байна. Энэ ажил нь хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас саатсаар 2014 оны 9-р сараас эхлэн 10-р сард багтаан дуусгахаар ажиллаж байна.
ДДТ1-ээс хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр, хэрэглээний усны шугамын ажил хийгдсэнээр НДХ, ХХЦГ, Нэг цонхны үйлчилгээ, СХЗХ, Улаангом сумын ЗДТГ, Төрийн банк, БОГ, “Эрдэм оргил” цогцолбор сургууль, ҮХААГ, ХХ, Шүүх, Прокурор, Боловсролын газар, ХААН банк, Нийгэмлэг, Монгол даатгал, I, II, III-12 айлын сууц, Цогцолбор 2-р сургуулиас урагшаа чиглэлийн айл өрх, хэрэглэгчид, ДДТ7-оос хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр, хэрэглээний усны шугамын ажил хийгдсэнээр Банкны 24 айлын сууц, Бат-Үржихүй өрхийн эмнэлэг, 2-р цэцэрлэг зэрэг хэрэглэгчид шинэ дулааны станцад холбогдоно. Дээрх ажлын хүрээнд хэрэглэгч хүртэл 5 хос шугам татах бөгөөд хэрэглэгчид стандарт шаардлагад нийцсэн халаалт, цэвэр ус, хэрэглээний халуун усаар хангагдах нөхцөл бүрдэх юм.
Б.ХУЛАН