Гандангийн тагтаа “ад үзэгдэв”

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Гандангийн тагтаа “ад үзэгдэв”

Бурхан шашинтны төв Гандэнтэгчинлэн хийд хурим найрын зочид болон сүсэгтэн олны хөлд дарагдсан хэвээр угтлаа. “Будаа аваарай” гэж бие биенээсээ өрсөн гүйлдэх танил дүр харин харагдсангүй. Хийдийн хаалгаар орохтой зэрэгцээд хөгшид, хүүхэд “будаа”-гаа зарахаар өрсдөгсөн.

Хүнээс  айж цочихоо больсон хийдийн тагтаанууд нэг дор бөөгнөрөн,  хажуугаар нь өнгөрөх хүмүүсийг ууртай нь аргагүй далавчаараа шавхрах. Сүсэгтнүүдийн буян бодож будаа өргөх нь цөөрснөөс тагтаануудын хоол хумигдаж, өлсч эхэлжээ гэлтэй. Гандантэгчинлин хийдийн хашаан дотор хог хаяхгүй байж орчноо цэвэрхэн байлгахыг иргэдээс уриалсан самбар энд тэндгүй байрлуулсан байлаа. Будаа зарагч иргэдэд зогсох газар олдохоо байж, тагтааны хоол ховордсон нь Гандантэгчинлэн хийдийн зүгээс хийж байгаа ажилтай холбоотой аж. Сүүлийн үед иргэд тагтааг ихээр хооллож байгаагаас тоо толгой нь хэвийн хэмжээнээс хэтэрч, өд, сангас нь орчныг бохирдуулах, тоосонцор үүсгэж ханиад томуу дэгдээх үндэс болсон гэнэ. Тэр байтугай улсын хамгаалалтад байдаг соёлын үнэт өв болох бурхан шашны хосгүй үнэт зүйл, уран барилга, тахилга шүтээн, Жанраасиг бурханы өнгө үзэмжийг гутааж,  эдэлгээг богиносгож байгааг хийдийн лам нар онцоллоо. Нийслэлийн түүх дурсгалын газар болсон тус хийд сүүлдээ эх жижиглэн худалдаа эрхлэгчдийн наймааны зах, үзмэрч төлөгч гэх хүмүүс, нохой шувууны үүр болсонд харамсч буйгаа Гандантэгчинлэн хийдийн удирдлагууд хэлсэн юм. Тиймээс тагтаа хооллох нь буян гэж үзэгсэд хандлагаа өөрчлөхийг, тэднийг утга учиргүйгээр хооллон үржүүлэхгүй байхыг олон нийтээс уриалж, холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн нь энэ юм. Ингэлээ гээд  Ганданд байгаа олон мянган тагтааг устгахгүй, хөнөөхгүй. Гагцхүү байгальдаа дасан зохицож, хоол тэжээлээ олох бүрэн чадвартай энэ амьтныг олноороо үржих нөхцлийг хүмүүс өөрсдөө бүрдүүлснээр орчноо бохирдуулах, шашны эд зүйлсийг бохирдуулах үндэс болгож  байгааг ухамсарлахыг  хүссэн.

Тагтаа жилдээ 12-14 болж үрждэг

Хийдийн лам нарт ийнхүү ад үзэгдсэн тагтааны талаар ойлголт авахаар амьтан судлаач, эрүүл мэндийн газрын мэргэжилтэнтэй уулзлаа. Дэлхий дээр 315 зүйлийн тагтаа шувуу амьдардагийн 9 зүйл нь  манай улсад байдаг аж. Олон улсад тагтааг  хархтай адилтгаж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл тагтаа зохистой хэмжээнд байх ёстой ч тоо толгой нь олширвол сөрөг нөлөөтэй  болохыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Гандангийн дэнжийг тойроод хэдэн мянган тагтаа амьдардаг талаар нарийн судалгаа байхгүй ч  нэг жилд үй  олноороо үрждэгийг  мэргэжлийн хүн тайлбарлав. Тодруулбал, нэг тагтаа жилдээ зургаан удаа өндөглөдөг, нэг удаа хоёр өндөг төрүүлдэг аж. Тэгэхээр эр, эм хоёр тагтаа жилдээ 12 болж үрждэг гэсэн үг. Мөн 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсгэдэг  гэнэ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох  мэргэжилтнээс тодруулахад өнөөдрийн байдлаар  тагтаанаас хүнд халдварласан ямар нэг өвчний  тохиолдол бүртгэгдээгүй.  Гэсэн ч тагтааны сангас  нь хүчиллэг ихтэй учир орчны эхрүүл ахуй, эд зүйлсийн эдэлгээ, өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг гэх хариулт өгсөн юм.

Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Соёлын өвийн төвөөс  Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд тооллого хийхэд судар ном, уран барилга, бурхан шүтээн тагтааны үржсэний нөлөөгөөр хуучирч элэгдэн, тоос шороонд дарагдсан байсныг илрүүлсэн байна. Тиймээс  2008 онд  Засгийн газрын тогтоолоор улсын хамгаалалтад авсан хийд, өв соёлоо хамтран хамгаалах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн гэх.

Будааны хүүхэд, хөгшид  өдөрт 7000-8000 төгрөг олдог

Олноороо үржиж, хийдийн өнгө үзэмжийг гутааж эхэлсэн тагтаанаас гадна, будуу зарж хоолоо олдог иргэд ч лам нарт ад үзэгдэх болж.  Хийдийн ойролцоо будаа зарж амьжиргаагаа залгуулдаг  иргэдийн амьдралын нөхцлийг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтсээс судалж үзжээ. Өнөөдрийн байдлаар  Гандангийн хашаан дотор 20-иод иргэн тогтмол ажиллаж байгаагийн олонх нь   бага насны хүүхэд, тэтгэврийн хөгшид. Гадаа гандаж, гартаа хэдэн будаа сарвайх хүүхэд хөгшдийн ард томчууд байх нь элбэг. Будааг захаас худалдан авч, гялгар уутанд савлаад хүүхдээрээ заруулж, мөнгийг нь хураадаг бололтой. Тэд өдөртөө таван кг будаа захаас худалдан аваад жижиг уутанд хэсэглэн савлаж, 7000-8000, заримдаа 20000 төгрөгийн ашиг олно. Энэ мөнгөөрөө гурил, будаа, мах гээд тухайн өдрийнхөө хэрэгцээг хангаж дөнгөдөг гэх. Өөрөөр хэлбэл, амьтан хооллон буян үйлдлээ гэх иргэдийн сэтгэл зүй дээр дөрөөлөн хөгшид, хүүхдийнхээ будаа зарсан мөнгийг идээд зүгээр сууж байдаг нөхдүүдийн бизнес ийнхүү хумигдахаар болж байна.

Тагтаа хооллох нь буян уу эсвэл нүгэл үү?

Хүмүүсийн шашин шүтэх эрх нь нээлттэй болсон 1990-ээд оноос “гандангийн тагтаа” бий болж,  сүүлийн 20 гаруй жилд тагтаан сүрэг үй олноороо үржсэн байна. Нэг хэсэг Гандангийн тагтаа “урагшаа” зөөгдсөн бол өдгөө тэд лам нартаа ад үзэгдэж, хоолноосоо холджээ. Тагтааг энх тайвны бэлгэдэл, хамаг амьтны тусын тулд хэмээн өргөмжилж, хооллон түүнийгээ буян хийж байна гэж үзсээр ирсэн нь бодит үнэн. Гэвч бурханы шашинд зааснаар тагтаа хооллох нь ашдын буян гэж үзэхэд эргэлзээтэй. Байгальдаа дасан амьдарч,  өөрөө идэшээ олох чадварыг нь хүмүүс өөрсдийн гараар мохоож байгаа  гэж үзэх нь бий. Тагтаа ой тогтоолт сайтай учир 5-6 удаа нэг  газраас хоол өгөхөд тэр нь зуршил болж, хүний нөлөөгөөр нэг газар  сүрэглэдэг байна. Тиймээс тагтаа хооллохоос өөр  олон төрлийн ашдын буянг сонгон, бусдад  тус хүргэхийг Гандантэгчинлэн хийдээс уриалж байгаа аж. Нөгөө талаар амьтан өлсгөнө гэдэг бас нүгэл баймаар.

Ямар ч байсан жилийн дөрвөн улиралд өлсөж ундаасахын зовлонгүй аж төрж байсан “гандангийн тагтаа”-нууд хоол тэжээлийн эрэлд гарч, өдрийнхөө талхны мөнгийг ажрахгүй олчихдог хүүхэд хөгшид хөөрхий тагтаа нартай адил “хоолоо” булаалгажээ. Ад үзэгдсэн хөөрхий тагтаанууд минь баяртай.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж