УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас мэдээлэл сонссон юм. Энэ талаараа өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөр Шинэчлэлийн Засгийн газар нь 13 яамтай байхаар болж буй. Уг бүтцийг цөөнхийн бүлэг дахин багасгах боломжтой хэмээн үзжээ. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэгтгэх боломжтой гэсэн байр суурь барьж байгаа аж.
Өмнөх Засгийн газрын үед спортын асуудлыг Эрүүл мэндийн яам харъяалж, соёлын асуудлыг Боловсролын яам, аялал жуулчлалыг Байгаль орчны яам хариуцаад ажиллаж байсан. Тэрхүү хувилбараар асуудлыг шийдэх бололцоотой.
Мөн Гадаад харилцааны сайдад Шадар сайд гэсэн “сэтэр” зүүлгэх шаардлагагүй, Шадар сайд нь одоогийн бүтцээрээ ажиллах. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс сайд нарыг томилохдоо “Давхар дээл”-ийг тайлах саналаа дахин илэрхийлсэн. Тэрхүү саналыг одоо хүлээн авч Шинэчлэлийн Засгийн газар танхимаа сэлгэх бололцоотой гэсэн байр суурь баримталж байгаа аж.
Удаах санал нь сайд нарын зөвлөхүүдийн тоог багасгаж, нэгээр тогтоох. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар найм хүртэл орлогчтой байгааг багасгавал төр цомхон болж, зардлыг хэмнэх бололцоо бүрдэнэ гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Г.НАРАН