Намрын популизм эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Намрын популизм эхлэв үү?

УИХ-ын хурал дахь популист гишүүд морио эмээллэчихжээ, цаана чинь.  Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт нарын хүмүүсийн хийсэн хэвлэлийн бага хурлаас ингэж дүгнэхэд хүрлээ. Дээрх гишүүдийн санаачилсан цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар хэвлэлийн хуралд биечлэн оролцсон юм.  Популистуудын хамгийн эхэнд ёс мэт барьж авдаг сэдэв бол цалин, тэтгэвэр, хүмүүсийн амьжиргааны доройтол гэх мэт массын сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж чадах асуудлууд байдаг. Тэр ч ёсоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, халаа сэгээтэй зэрэгцүүлэн цалин тэтгэврийн талаар хөндөж эхэлсэн нь гайхах зүйл биш юм. Өнгөц харвал цалин нэмнэ гэдэг мэдээж, сайхан мэдээ. Өндөр настнуудын тэтгэвэр нэмж, гал алдахааргүй амьдруулах гэсэн нь ч сайхан санаа мэт харагдах нь гарцаагүй. Гэвч гээд гурван цэг тавьж байгаад бодож болгоох асуудал бас байна.

Өнөөдөр улсын хэмжээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 207 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 172 200 төгрөг байдаг ажээ. 2014 оны наймдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 240 мянган иргэн тэтгэвэр, 126 мянган иргэн тэтгэмж авч байгаа ажээ. Бүрэн тэтгэмж авч буй өндөр настнуудын дөрөвний нэг нь буюу 50 мянган өндөр настан хамгийн бага буюу 207 мянган төгрөгийн тэтгэвэртэй гэнэ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ цалингийн доод хэмжээнд ч хүрэхгүй байгаа нь дээрх тооноос харагдаж байгаа. Тэтгэврийг нь багаар тогтоосонд гомдож явдаг тэдгээр иргэдийн өмнөөс дуугарч, Засгийг ганхсан дээр нь түлхэх хэнд ашигтай вэ. “Энэ онд хэрэглээний үнийн индекс 40 хувиар нэмэгдэж, инфляцийн хэмжээ 13,7 хувь болон өссөн нь цалин тэтгэврийг үнэгүйдүүлж байна” гэж УИХ-ын гишүүд мэдэгдлээ. Тиймээс ч Засгийн газар алдаагаа засч ирэх оноос эхлэн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна. 2015 оны төсвийн төсөлд тусгасан 500 тэрбум төгрөгийг 800 тэрбум болгон нэмэгдүүлж, цалинг 30 хувиар, өндөр настнуудын тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг шаардах бичигтээ дурджээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар нараар ахлуулсан хэсэг гишүүдийн үзэж байгаагаар ийм боломж бий гэнэ. Сайд, дарга нарын тансаглалд цэг тавьж цалинг нэмээч ээ хэмээн тэд хэлж байна. Харин энэ онд хэн гэгч дарга сайд хэдий хэрийн хөрөнгөөр гадаад, дотоодод зугаалж, дэмий үрснийг мэдээлсэнгүй. Тэдний хүссэнчлэн тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ гэж бодъё. Тэр үед улсын төсөв ачааллаа дийлэх үү. Улсын төсөвт хүндрэл үүссэнээс цалин, тэтгэврээ хугацаанд нь олгож чадахгүй, улс даяараа өрийн сүлжээнд орж байсан хүнд үеийг та бид урьд өмнө нь туулж байсан даа. Өндөр тэтгэвэр амласан  ч хугацаандаа өгч  чадахгүй баларч байснаас бага боловч хугацаанд нь олгодог тогтолцоо нь илүү мэт. 

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батдандан “Айл өрхийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байгаа”-г хатуу сануулаад “Өнөөдөр хөгшдийнхөө тэтгэврээр амьжиргаагаа залгуулдаг олон айл өрх байна. Олон зуун хөгшид орон гэрээ тэтгэврээрээ тэжээж байна” хэмээн мэдэгдэж байх юм. Тэтгэвэр нэмэх шалтгаан энэ гэж үзвэл хөгшдийнхөө тэтгэврийг хоол болгон ходоодоо тэжээж буй залхуучуудыг дэмжсэн хэрэг болох биш үү. Түүний оронд хөгшдөөрөө тэжээлгэж суугаа залуусыг ажил, орлоготой болгох арай эрүүл тогтолцоог бүрдүүлэх ёстой биш үү.

Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж, хэвлэлийн хуралд сайн дураараа оролцсон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өнөөдөр арилжааны банкуудаас тэтгэврийн зээл аваагүй ахмад настан цөөн байна. Тиймээс өндөр настнуудад хүүгүй зээл олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ахмадын чөлөөт холбооноос дэвшүүлэн тавьж буй тэтгэврийн зээлийн хүүг тэглэх санаачлагыг би хувьдаа дэмжиж байна” хэмээн мэдэгдлээ. Хүүгүй зээл олгохдоо  Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх, эс банкуудад баталгаа гаргаж болно гэсэн гаргалгааг З.Баянсэлэнгэ гишүүн өгүүлж байна. Арилжааны гэсэн тодотгол зүүсэн аль ч банк хүүгүй зээл олгохгүй гэдгийг гишүүн сайн мэдэж байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийг ямар зүйлд хэрхэн ашиглахаар хуульчилсныг нь ч андахгүй. Тэгсэн хэр нь хүүхэд чихрээр хуурах мэт биелэхээргүй санал дэвшүүлж суугаа нь улстөр хийсэн хий хоосон жүжиг болон харагдаж байгаа юм.

Инфляцийг нэг оронтой тоонд барьж, тэтгэврийн хэмжээг аажмаар өсгөхөөр гүйцэтгэх засаглалынхан амласан ч биелүүлж чадаагүй нь үнэн. Гэвч өнөөдөр цалин, тэтгэврийн нэмэгдэл гэж хийрхэхээс илүүтэй цалин, тэтгэврийг үнэгүйдүүлээд байгаа шалтгааныг нь бууруулахад анхаарах хэрэгтэй юм биш үү.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж