Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж, бүтээсэн “Ардчилалтай би амь нэг”, “Ардчилалын баатрууд” гэсэн хоёр дууны үгийг Соёлын гавъяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар бичжээ. Дууны үгийн мастер гэгддэг тэрбээр энэ удаад хэтэрхий цагаан магтаал “ургасан” нь яруу найрагчдыг ичээхэд хүргэж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд Монголын яруу найраг, дууны шүлэг бүр утгаа алдсаны нэг тод жишээ бол энэ юм. Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хэмээн дууны үгэнд хүний нэрийг оролцуулан дуулах болсон нь яруу найрагийг гутааж байна гэж зарим шүүмжлэгчид үздэг. Ү.Хүрэлбаатарын энэхүү дууны шүлэг, шүлэг гэхэд хэцүү л юм байна лээ. Мөнгөтэй, улстөртэй сээр холбосон Монголын яруу найраг аа гэж. Ер нь манай яруу найрагчид энэ мэт “халтуур” хийхдээ жаахан ч гэсэн ичих булчирхайтай баймаар байна шүү
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд
Шүлгийг Ү.Хүрэлбаатар
Хөгжмийг Б.Цэрэндондов
АРДЧИЛЛЫН БААТРУУД
Цан хүүрэг савссан жин өвлийн жихүүнд
Цахиагийн Элбэгдорж цуглаан удирдсан юм
Үнэний төлөө уухайлан тэмцсэн ард түмэн
Үерийн ус шиг түрхрэн давалгаалж байсан юм
Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм
Санаа нэгдэн боссон эр зоригтнуудыг
Санжаасүрэнгийн Зориг түүчээлэн байсан юм
Сайхан амьдралын төлөө монгол хүн бүрийн
Саруул ухаанд тэр итгэдэг байсан юм
Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм
Эрх чөлөөний төлөө үсээ цайтлаа зүтгэж
Эрдэнийн Бат-Үүл улсын баатар болсон юм
Амь дүйсэн тэмцлийн шуурган гал дундуур
Ард түмнээ өмгөөлж тууштай тэмцсэн юм
Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм
Н.ШАРХҮҮ