С.Саянцэцэг хан хуураа эгшиглүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

С.Саянцэцэг хан хуураа эгшиглүүллээ

Дэлхийд данстай төгөлдөр хуурч бүсгүй эх орондоо хаан хуураа уянгалууллаа. Соёлын төв өргөөний тайзнаа өчигдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Хаан хөгжмийн үдэш” тоглолтоо хийлээ. Урлагийн гэгээн онгодоор дүүрэн гэр бүлд төрж, өсөн Саянцэцэг охин таван настайгаасаа хаан хөгжмөөр хичээллэж мэргэжлийн гэгдэх олон тэмцээн уралдаан болон концертуудад оролцож, ур чадвараа бага байхаасаа харуулж эхэлсэн байна.  ХБДуС-д сурч байхдаа түүний авьяас Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн нүдэнд өртөж, бяцхан охиныг П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд сургахаар болов. Б.Саянцэцэг дараа нь И.Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн консерватурыг онц дүнтэйгээр төгссөн юм. С.Саянцэцэгийн хөгжмийн боловсролын аян сонгодог хөгжмийн өлгий нутаг болох Испани орон руу үргэлжилж Испанийн Хааны хөгжмийн  консерватурт алдарт төгөлдөр хуурч, профессор Г.Гонзалесын удирдлаган дор сурч магистрын цол хамгаалав.
Өдгөө Б.Саянцэцэг сонгодог урлагийн өлгий нутгуудын нэг болох Испанид амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Түүний хөгжмийн боловсрол нь төгөлдөр хуурчийг дэлхийн алдарт алтан тайз руу хөтөлсөн байна. Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны Монгол уран бүтээлч  юм. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг нь чадварлаг төгөлдөр хуурчаас гадна 20 гаруй жил төгөлдөр хуурын мастер хичээл зааж буй сурган хүмүүжүүлэгч. Түүний 45 шавь нь олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргаж байжээ. Үргэлж л бүтээж туурвиж, зааж сургаж, тоглосоор гэртээ ч орох завгүй шахуу амьдардаг төгөлдөр хуурч бүсгүй дэлхийн олон том тайзан дээр тоглож байсан хэрнээ эх орондоо бие даасан тоглолт хийж байгаагүй нь сонин.  Харин энэ удаа ийнхүү Соёлын төв өргөөний тайзнаа анх удаа “Хаан хөгжмийн үдэш”-ийг эгшиглүүллээ. Түүний олон улсад алдартай Чайковскийн нэрэмжит симфони найрал хөгжмийн нэрт удирдаач Тержэ Миккелсэн удирдав. Норвеги гаралтай энэхүү эрхэм Франц, Герман, Испани, Тайланд, Норвеги, Голланд, Швед, Япон, Белги зэрэг улсуудад, 70 гаруй удаагийн тоглолт толилуулжээ. Том улсуудын том тайзан дээр тоглодог чадварлаг гоцлол төгөлдөр хуурчийн  эх орондоо хийх тоглолт олонд хүнд, тэр дундаа сонгодог урлаг таашаагчдад таатай мэдээ байлаа. Чайковскийн нэрэмжит симфони найрал хөгжмийн  удирдаач Тэрже Миккелсэн өөрийн төрөлх нутаг Норвегийн алдарт хөгжмийн зохиолч Эдвард Григ “Пер Гюнт” зохиолыг бүтнээр нь удирдан тоглууллаа. Тэрже Миккелсэн үнэхээр л тайзан дээр гараараа хөгжим зурдаг гайхалтай удирдаач. Алдарт удирдаач Тержэ Миккелсэний удирдлагаар дэлхийд алдартай төгөлдөр хуурын том концертуудын нэг Роберт Шуманийн “ Төгөлдөр хуурын II концерт”-ыг гоцлол төгөлдөр хуурч С.Саянцэцэг амьдрууллаа. Үзэгчид гоцлол төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн чадвар, авъясыг гайхан биширч байлаа.  Бас энэхүү тоглолтын нэг онцлог нь сүүлийн жилүүдэд Монголын тайзнаа гараагүй том баг, тодруулбал 80  хүний бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжимчин хөгжимдлөө.  Симфони  найрал  хөгжимчдийг Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, ХБК-ийн оюутан сурагчид мөн гадаадад суралцдаг оюутнууд бүрдүүлж байлаа.  Германы суут хөгжмийн зохиолч Иоган Брамсын II симфонийг Норвегийн нэрт удирдаач Тержэ Миккелсэн удирдан эгшиглүүлэв. Германы суут хөгжмийн зохиолч Роберт Шуман, Иоган Брамс нар романтик үеийн хөгжмийн зохиолчид. Венийн сонгодог дэгийн дараа гарч ирсэн романтик үеийнхэний хөгжмийн бүтээлүүд илүү хүний сэтгэл зүрхний  гүн дэхийг хөгжмөөр илэрхийлсэн, дүрслэл, илэрхийлэмжээрээ баялаг байдгаараа сонгодог дэгээс ялгардаг. Чухам ийм бүтээлүүдийг анх удаа тайзнаа бүтнээр нь  эгшиглүүлэн дэлхийд алдартай монгол төгөлдөр хуурч С.Саянцэцэг, Чайковскийн нэрэмжит симфони найрал хөгжмийн  удирдаач Тержэ Миккелсэнний удирдлагаар Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн симфони найрал хөгжимчид, ХБК-ийн оюутан сурагчид мөн гадаадад суралцдаг оюутнууд хамтран амьдрууллаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж