Шүүгчид, “Шангрила”-ын гал жиргээчдийг талцуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Шүүгчид, “Шангрила”-ын гал жиргээчдийг талцуулав

Өнгөрөгч өдрүүдийн твиттер тоймыг хүргэж байна. (09.29-10.04)

Эдгээр өдрүүдэд Монголын улс төр, нийгмийн амьдрал болон спортын салбарт олон үйл явдал боллоо. Ингээд твиттерийн ертөнцөд өрнөсөн голлох мэдээллийг хүргэж байна.

 

500 сая орчим ам.долларын хөрөнгөөр босч, ашиглалтад орох дөхсөн  “Шангрила” барилга шатлаа

Есдүгээр сарын 30-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрлэх ёслолын ордны зүүн талд, Хүүхдийн паркын хажуу талд баригдсан барилгад гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрынхан галын дуудлагын дагуу ирсэн билээ. Энэхүү барилга нь "MCS" компанийн захиалгаар зочид буудлын зориулалтаар баригдаж байгаа "Шангрила" барилга байсан бөгөөд барилгын гадна тал тэр чигтээ шатлаа. Онцгой байдлын газрын аврах гал унтраах ангийн 40 алба хаагч хоёр цаг шахам хугацаанд ажиллаж, галыг нурманд оруулсан юм.

ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж тухайн өдөр хэлэхдээ: "Цахилгаанаас үүдэн гал гарсан гэх таамаг байна. Аврах гал унтраах ангиудын шаттай машин нь 35 метрийн урттай буюу ердөө 12 давхраас дээш үүрэг гүйцэтгэж гал унтраах боломжгүй байна. Нийслэлд өндөр шилэн барилгууд нилээдгүй баригдсан энэ үед цаашид эдгээр барилгад гал гарсан тохиолдолд нисдэг тэрэг ашиглах нэн шаардлагатай" гэж мэдээлсэн.

Хэдийгээр гал гарсан нөхцөлд Онцгой байдлынхан ямар нөхцөлтэй байгаагаа харуулаад авлаа. Нийтдээ 500 сая орчим ам.долларын хөрөнгөөр босч, бараг ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон байсан “Шангрила” барилга дээр гарсан галыг манай онцгойгийнхон унтраасангүй. Шатаж болох бүх зүйл нь шатаж дуусаад гал өөрийн зөнгөөрөө унтарсан гэхэд болно. Учир нь манай онцгойгийнхны хэрэглэж байгаа сунадаг шат, усны хоолой нь ердөө л 35 метрийн өндөрт буюу 12 давхраас дээш давхарт гарсан галд хүрдэггүй юм байна.

Жиргээчдийн энэ өдөр өрнөсөн жиргээ бол гал гарсан үе Онцгой байдлынхан ямар байгааг, хүн мөнгөтэй байж болно бас аюулгүй байдалдаа анхаарахыг чухалчиллаа. Мөн хотын замбараагүй барилгуудыг тоочоод авсан. Хүүхдийн эмнэлэг барих гэхээр газар олддоггүй хэрнээ дэлхийн хүчирхэг гүрний элит зочид буудал барих болохоор газар олддог юм байна гэж олонтаа дурдагдсан юм.

 

"Инчён-2014": Ноёны бөх гэдэг шиг эзэн орны тамирчид ялалтыг авсаар

Энэ өдөр буюу есдүгээр сарын 30-нд БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн наадмын тоглолт анхаарлын төвд байлаа. Монголын зургаан эрэгтэй боксчин хүрэл медалийн төлөө рингэнд гарсан ч бүгд ялагдал хүлээсэн. Тэр дундаа хамгийн эхэнд 56 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсан юм. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгснийг тэмцээн болсон ордонд байсан дотоодын болон гадаадын тамирчид бүгд эсэргүүцсэн билээ. 

Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, эсэргүүцэл /протест/ бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос хариу өгч, бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ танилцуулж, шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ юм.

Ганцхан Монголын тамирчид бус Энэтхэг, Иран улсын тамирчид шүүлтэд нөлөө орсныг илтгэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Түүний нэг жишээ бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд БНСУ-ын Пак Жин, Энэтхэгийн Лайшрам Сарита Дэви нар мөнгөн медалийн төлөө тулалдсан. Энэхүү тулаанд Энэтхэгийн тамирчин илүүрхсэн ч шүүгчид эзэн орны тамирчинд ялалтыг өгсөн. Улмаар Пак Жин алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдсан ч ялагдсан юм. Тус жингийн шагнал гардуулах ёслолын үеэр Энэтхэгийн тамирчин шүүлтэнд эсэргүүцлээ илэрхийлж, хүрэл медалиасаа татгалзсан байна. Тэрээр медалиа зүүлгүйгээр БНСУ-ын Пак Жинп гардуулсан нь Азид төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тэрээр “Би амьдралынхаа бүтэн хоёр жилийг дэмий үрсэндээ харамсаж байна. Хүү маань намайг хоёр жилийн хугацаанд хараагүй шүү дээ” хэмээн хэлжээ.

 

Н.Алтанхуягийн цочир мэдэгдэл унтаа байсан улс төрийг хөдөлгөөнд орууллаа

Засгийн газарт сэлгээ хийж, бүтцийн өөрчлөлт оруулна гэсэн Н.Алтанхуягийн цочир мэдэгдэл унтаа байсан улс төрийг хөдөлгөөнд оруулж эхэлсэн. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газарт ямар өөрчлөлт оруулж байгаагаа өчигдөр/10,02/ задаллаа. Гэхдээ Н.Алтанхуягийн гар дахь гол хөзөр дэлгэгдээгүй байгаа. Тэр эхний хөзрөө дэлгэсэн. Н.Алтанхуягийн хөзрийг харахад С.Баярын Засгийн газрын бүтцийг илүү дээр хувилбар хэмээн үзсэн бололтой. С.Баярын Засгийн газрын үед 13 яам, 16 сайдтай ажиллаж байсан бол Н.Алтанхуяг танхимаасаа  гурван сайдаа явуулахаар болжээ.

Түүний танхимд хэн үлдэж, хэн явах улс төр өчигдрөөс л эхэлж байна гэсэн үг. Харин твиттерт ирэх улс төрийн талаар ингэж таамаглаж байна.

Цогоо гуай @TsogtgerelB -Лу.Болдыг Портуунаар арай ч сольчихгүй байлгүйдээ ка ка ка чихэндээ ч итгэхгүй байна.

Баттөмөрийн ЭНХБАЯР@Enkhbayar_bat -ЗГ-ын бүтцийн агуулга: Женкогийн гэх Гансүхийг пааслах, Энхсайханыг Сономпилын оронд оруулах, Портуун, Ганхуягаас хэл амгүй салж дэвшүүлэх.

МӨНХБАЯРТ ЭРХЧӨЛӨӨ@batzorig2012 -заа, өнөөдрөөс/өчигдрөөс/ Бортууна лааз өшиглөж Бонд идэлцэж хуваалцсан жагсаалтаа зарлахуу, Сайд болж дуугуй суухуу гэдэг ШИНЭЧЛЭЛ эхэлжээ.

Чөлөөт хүн @Ganzorig1 -Энэ яамдууд нэгдээд байдаг хамгийн гол нь хэмнэлт ш тээ. Бүтэц цомхотгогдохуу гэдэг л байна.

Шинэчлэлийн засгийн газрын шинэчлэлээр баталгаатай мултрах сайд нарыг нэрлэсү! А.Гансүх, Лу.Болд, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Я.Санжмятав…

ЗГ-ын бүтцэд олны анхаарал хандсан шиг. Ингээд бүтцээр хариуцлагаа халхавчлаад өнгөрөх үү? гэх зэргээр жиргээчид жиргэлээ.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж