Ойн тооллогын явцыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Ойн тооллогын явцыг танилцуулав

Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга “Олон зорилтот ойн тооллого”-ын хээрийн судалгааны 3945 тоот цэгийн ажлын явцтай  танилцлаа. Тооллогоор Монголын ой хичнээн хэмжээний нүүрстөрөгч шингээж, хичнээн хүчилтөрөгч ялгаруулж байгааг тогтоохоос гадна зарим цэгүүдэд модны насжилт, хөрсний элэгдэл, доройтлын судалгааг ч хийж байгаа юм байна. Энэхүү олон зорилтот ойн тооллогын ажлыг  дэд сайд “Ойтой хамааралтай бүхий л зүйлийг нэг дор багтаасан өндөр нягтаршилтай фото зураг юм” хэмээн тодорхойлсон юм. Олон улсад  хэрэглэгддэг JPS багажийн тусламжтайгаар тодорхой цэг дээр, тодорхой диаметрт байгаа унасан, хатсан,хөгширсөн, төлжин ургаж байгаа нялх модод гээд бүхий л моддыг тоолж байна.

Ойн тооллогын судалгаанд хамрагдах газрыг ой ургамалжилтын муж болон ойн тархалтын онцлогийг харгалзан Монгол-Алтайн уулс, Хөвсгөл, Хангай-Хэнтийн бүс, Төв-Хангайн бүс гэсэн ангиллаар нийтдээ 4211 цэгт тоолж байгаа юм. Энэхүү ажилд  мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг , хяналтын давтан тооллогын 3 баг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт хамаарах 3945 тоот цэгийн  ойн тооллогыг “Ойн хайгуул” ХХК гүйцэтгэж, МУИС-ийн багш, доктор З.Баатарбилэгээр ахлуулсан хяналтын давтан тооллогын баг гүйцэтгэжээ.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт нэг тэрбум төгрөг төлөвлөсөн ба ХБНГУ-аас 2,4 сая еврогийн дэмжлэг үзүүлжээ. Улсын төсвөөс гаргаж буй нэг тэрбум төгрөгийг хээрийн хайгуул судалгаа, гүйцэтгэлийн хяналт, мониторинг, тайлан боловсруулалтын ажилд зарцуулж байгаа юм. Харин ХБНГУ-аас олгох 2.4 сая еврогийн санхүүжилтийг ойн тооллогын ажлын бэлтгэл ажлууд болон тайлан мэдээллийг боловсруулах, лаборатори байгуулж чадавхижуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, ойн тооллогын ажилд ашиглах хиймэл дагуулын мэдээ болон түүнд тайлан, боловсруулалт хийх техник тоног төхөөрөмж, программ хангамж авах, сургалтууд зохион байгуулах, хяналтын давтан тооллого явуулах, ойн мэдээллийн санг үүсгэх зэрэг ажилд зарцуулах  аж. Тооллого үндсэндээ энэ сарын сүүлээр дуусч, ирэх оны эхний хагаст дүнгээ гаргана. Цаашид таван жил тутамд ойн тооллого хийгдэх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж