Б.Мөнгөнтуул: Шатрын спортод бие, сэтгэлээ чилээж яваа болохоор оргилд нь гарахыг хүсч байна
Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Шатрын их мастер Б.Мөнгөнтуулыг урьж ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг олж уулзах амаргүй байлаа шүү?
-Баярлалаа. Ойрд их завгүй байлаа. Завхан аймагт зохион байгуулагдсан өсвөрийн 9999 шатарчны тэмцээний нээлт, хаалтад оролцоод ирсэн.
-Янз нь, нутгаараа яваад иржээ дээ?
-Завхан аймгийн дөрвөн сумаар л дайрлаа. Аавынхаа төрж өссөн нутагт очиж амжсангүй ээ.
-Завханмандалд уу?
-Тийм ээ.
-Та Завханмандалд төрж, өссөн бил үү?
-Үгүй ээ, хотод төрж өссөн. Жаахан байхдаа гэр бүлийнхэнтэйгээ аавынхаа нутгаар их аялдаг байсан. Харин сүүлийн хэдэн жил очоогүй байсан, саяхан очлоо. Завханчууд маань их сайхан хүлээж авсан. Сэтгэл өндөр байна.
-Ингэхэд та айлын бага охин байх аа?
-Тийм ээ. Би эцэг эхээс дөрвүүлээ. Хоёр ах, нэг эгчтэй. Айлын отгон хүүхэд.
-Та багаасаа шатрын спортоор хичээллэсэн. Тавхан настай охин шатар тоглож сурахад хэцүү байв уу?
-Яалаа гэж дээ. Харин ч сонирхолтой байсан. Намайг таван настай байхад аав ахад шатар зааж өгсөн юм. Тухайн үед би хажуугаас нь харж байгаад шатрын нүүдэл бүрийг сурчихсан.
-Тийм үү, мундаг юм аа?
-Баярлалаа. /Инээв/
-Шатар тоглож сурчихаад хамгийн анх ямар тэмцээнд орж байв?
-“Цодгор хүү”-д оролцож байсан санагдана. 1992 он юм уу даа.
-1992 он гэхээр та хэдэн настай байсан гэсэн үг вэ?
-Зургаан настай байсан. Тухайн ондоо өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа.
-Түүнээс хойш олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож амжилт гаргасан. Харин тэр бүхнээс таны санаанаас огт гардаггүй ямар тэмцээн байна вэ?
-Оролцсон тэмцээн болгон маань л сайхан дурсамж үлдээсэн. Гэхдээ хамгийн гоё, сэтгэлд үлдсэн тэмцээн бол 2010 оны Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр тэмцээнээс би алтан медаль хүртсэн.
-Миний санаж байгаагаар тэр ондоо бас багаараа алтан медаль хүртсэн байх аа?
-Тийм ээ, хос алтан медальтай ирсэн. Ийм тохиолдол маш цөөхөн байдаг. Оюутны дэлхийн аварга бол том тэмцээн шүү дээ.
-Хамгийн сүүлд Оюутны дэлхийн аваргад оролцсон. Түүнээс хойш ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцоогүй санагдана?
-Өнгөрсөн наймдугаар сард зохиогдсон Дэлхийн шатрын олимпиадад манай баг алтан медаль хүртсэн. Би хувиараа нэгдүгээр ширээнд дөрөвдүгээр байрт орсон. 10 өрөг тоглож найм хожиж, хоёр тэнцсэн. Нийт есөн оноо авсан л даа.
Дараа нь залгуулаад Польш улсад болсон Оюутны дэлхийн аваргад оролцож хувиараа мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш ямар нэгэн тэмцээнд оролцсонгүй ээ.
-Аливаа уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоход шатрын холбооноос дэмжлэг, туслалцаа үзүүлдэг биз дээ?
-Одоогоос хоёр жилийн өмнө шигшээ баг байгуулагдсан. Дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчтай. Төр, засгаас жилд гурван тэмцээний санхүүг даадаг.
-Ердөө гуравхан уу?
-Тийм ээ.
-Тэгээд бусад үед нь зардлаа өөрсдөө гаргадаг гэсэн үг үү?
-Үнэнийг хэлэхэд холбоо маань санаанд хүртэл дэмжиж ажилладаггүй. Бид тэмцээн уралдаанд оролцох зардлаа ихэвчлэн хувиасаа гаргадаг. Заримдаа ямар нэгэн компанийн ивээн тэтгэлгээр явдаг.
-Таны тоглолтыг харж байхад ихэвчлэн давших, довтлох арга барилаар өрсөлдөгчөө хождог юм билээ?
-Магадгүй ээ. Багш, найз нар маань миний тоглодог арга барилыг хэлдэг л дээ. Намайг довтлох дуртай гэж. Гэхдээ би хоёр янзаар тоглодог. Бас тактик ашиглаж, байрлалаа барьдаг.
-Та улсын болон олон улсын чанартай нэлээд тэмцээнд оролцсон туршлагатай тамирчин. Аливаа тэмцээн, уралдаанд оролцож байхад Монголчууд ямар давуу болон сул талтай байх юм?
-Бид гадагшаа тэмцээн, уралдаанд маш цөөхөн оролцдог. Энэ нь нэг талаараа туршлага бага гэсэн үг л дээ.
Хамгийн гол нь тааралдсан тэмцээн бүртээ оролцох биш, бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж байж эх орноо төлөөлж явах хэрэгтэй. Ялангуяа өсвөрийнхөн. Тиймээс багш нартайгаа сайн бэлтгэл хийж, ур чадвараа дээшлүүлэх нь чухал.
-Таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн гэхээр та 20 гаруй жил болж байна. Ингэхэд шатраар хичээллэснээр танд яг юу наалдсан юм бэ?
-Шатрын спорт хамгийн эхэнд хүнийг сууж сургадаг. Логик сэтгэлгээг хөгжүүлнэ. Ой тогтоолт сайтай болно.
Цаашлаад бие хүн болон төлөвшихөд нь хүртэл сайнаар нөлөөлдөг. Энэ мэт олон сайн зүйл бий.
-Та хэзээ нэгэн цагт дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байдаг уу?
-Хэцүү л дээ. Дэлхийн шилдэг шатарчдаас ялгарч цойлно гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй.
Нэгэнт энэ спортод бие, сэтгэлээ чилээж яваа болохоор оргилд нь гарахыг хүсэлгүй яах вэ.
-Сайхан хэллээ. Тэр оргил ойрхон байх болтугай. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Би бүхий л зүрх сэтгэлээрээ хичээнэ ээ.
Б.ТӨРБАТ
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"