БОХХААБ-ын хороо Тахийн нутгийг өргөжүүлнэ | News.MN

БОХХААБ-ын хороо Тахийн нутгийг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

БОХХААБ-ын хороо Тахийн нутгийг өргөжүүлнэ

Олон улсын Тахь хамгаалах холбооны ерөнхийлөгч Томас Фистерерийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Олон улсад Тахь хамгаалах чиглэлд анхаарал хандуулж ажилладаг тус байгууллага нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөх, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан боловсруулж буй “Тахь адууг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжиж ажиллахыг Байнгын хорооны даргаас хүслээ. Томас Фистерер “Таныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болоод Байгаль хамгаалахын төлөө зоригтой дуугардаг улс төрчийн хувьд бидний санаачлагыг дэмжинэ гэж найдаж байна” гэсэн юм.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Алс хол Швейцари улсаас Монголыг зорьж байгаль хамгаалах ажилд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буйд талархаж байна. Та бүгдийн тавьж буй санал, нөхцөл байдлыг ойлгож байна. Манай улсын эдийн засгийн асуудал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар эдийн засгаа сэргээх арга нь уул уурхай гэж үзэж байгаа. Гэхдээ УИХ-ын бодлого, зорилтууд гэж бий. Тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлыг дэмжиж ажиллана. Та бидний хүсэл зорилго нэг байгаад таатай байна” гэсэн юм. Дэлхийд ховордсон Тахийн сүргийн бэлчээр болсон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийг Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сум, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутагт өргөтгөх хүсэлтэй байгаа аж. Тахийн нутгийг хамгаалах, өргөтгөх санаачлагыг  дэмжихээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан илэрхийллээ.

Эх сурвалж: http://bayarsaikhang.parliament.mn

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж