Ийм гарчиг өгснийг минь зарим нэг нь эсэргүүцэж магадгүй. Энэ ч аргагүй. Эцэг эх болгон тийм харицлагагүй, хайхрамжгүй байдаггүй нь ойлгомжтой. Гэхдээ л энэ жилийн эхний найман сарын байдлаар эцэг эхийн хайхрамж, болгоомжгүй байдлаас нийтдээ 67 хүүхэд золгүй байдлаар нас барсан байна.
Үргэлжийн дайн самуунтай байдаг Арабын орнуудад ч ийм тооны хүүхэд энддэггүй юм билээ. Согтуу аав, ээж хоёр хүүхдээ дундуураа хийж унтаж байгаад бүтээгээд алчихсан, авдар мөргүүлээд, ваннтай усанд живүүлчихсэн зэрэг тун харамсалтай тохиолдлууд гарч. Хүний биеийг олж төрнө гэдэг зүүний үзүүр дээр арвай тогтох дайтай хэмээн ярилцдаг, үр хүүхдээ тэгж хайрладаг ард түмний үр хойчис ийнхүү нэг онд хэдэн арваараа хорвоог орхиж буй нь аймшигтай.
Энэ оны эхний гурван сарын байдлаар нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс дөрвөн промилоор өссөн нь Улаанбаатар хотын хэмжээнд дунджаар 0,9-р их байсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл урьд оноос мөн л 3,42 промилоор өссөн байна. Харин энэ оны эхний найман сарын байдлаар гаргасан судалгаагаар хүүхдийн эндэгдэл 2012 онтой харьцуулахад 1,8, 2013 онтой харьцуулахад 0,8 промилоор нэмэгдсэн гэдгийг салбарын сайд хэлнэ лээ. Хүүхдийн эндэгдэл нийслэл, Говь-Алтай, Өмнөговь зэрэг аймгуудад нилээд өндөр нэмэгдсэн байна. Мөн хүүхдийн осол эндэгдэл ийнхүү огцом өссөнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ахладаг Эрүүл мэндийн зөвлөлөөс “Хүүхдийн осол эндэгдэлийг бууруулах стратеги” гээчийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд нууцын зэрэглэлтэй оруулахаар болж.
Төрөх эмнэлэгт эмч, сувилагчдын буруутай үйл ажиллагаанаас болоод хүүхэд эндсэн тохиолдолд нийгэм даяараа сүр дуулайн болж эмнэлэгийн салбарлуу дайрдаг. Мэдээж алдаа гаргасан тэдний буруу. Гэхдээ өөрсдийн төрсөн үрээ энэ мэт хайхрамжгүй байдлаасаа болоод ”алчихсан”, “алдчихсан” тохиолдолд хэн ч үл дуугарна вэ? Тээж төрүүлсэн, тэтгэж өсгөсөн гээд амьдралын гэрэл гэгээрүү тэмүүлэн ургаж явсан балчир үрсийнхээ амиар наадах эрх хэнд бий гэж…
Д.БҮҮВЭЙ