Авто захуудыг нүүлгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Авто захуудыг нүүлгэсэнгүй

Автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд автомашин худалдаалж байгаа захуудыг энэ аравдугаар сарын 1-нээс нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Ингээд "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ийг байгуулж, энэ сарын 1 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэгдсэн. Өнөөдөр аравдугаар сарын 2. Гэтэл энэхүү шийдвэр биеллээ ололгүй, автомашины захууд хотын төвд хэвийн үйл ажиллагаа явуулсан хэвээр л байна. Ямар шалтгаанаар автохудалдааны төвийг нүүлгэх ажил хэрэгжээгүй шалтгааныг тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

Худалдаачид захыг нүүлгэх хугацааг 2016 хүртэл сунгахыг шаардаж байна

Автохудалдаа эрхлэгчдийн зүгээс "Их тэнгэр хас" төрийн бус байгуулага байгуулан, захыг нүүлгэх хугацааг сунгахыг хэдэнтээ шаардаж, энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. "Их тэнгэр хас" үндэсний нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганбаатар "Ажлын байрнаас ажлын байр руу нүүх шаардлагыг л тавьж байгаа. Гэтэл Хорин хоёрын товчооны ойролцоо барьж байгаа шинэ захад автомашин зарах, хүн байрлах ямар ч боломжгүй. Эргэлдсэн улаан тооснооос өөр юу ч байхгүй. Автобус унаа, хоолны газар, нийтийн бие засах газар гээд энгийн ямар ч асуудлыг шийдвэрлээгүй байна. Өвлийн улирал ирж байна. Худалдаачид тэнд очиж хөлдөж үхэлтэй биш. Тиймээс энэ цогцолбороо бүрэн барьж дуустал өөрөөр хэлбэл 2016 он хүртэл сунгахыг шаардаж байгаа" гэсэн юм.

Автозахуудыг нүүлгэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Захирамж хэрэгжээгүй буюу захуудыг нүүлгээгүй гол шалтгаан нь тус цогцолборын барилгын ажил хугацаандаа ашиглалтад ороогүйгээс үүдсэн байна. "Автохудалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг "Цогцолборын бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай байгаа. Одоогоор далангийн ажил явуулж байгаа хучилтын ажил хүлээгдэж байна. Барилгын материал, хайрга дайрга татах ажилд багагүй хугацаа алдсан. Захыг нүүлгэхийг шаардаж байгаа хэсэг иргэд байгаа. Гэхдээ албан бичиг нэг ч удаа ирүүлж хүсэлтээ илэрхийлээгүй. Энэ бол цөөн хэдэн хүний ашиг сонирхлоос үүдэлтэй гомдол гэдгийг онцолмоор байна. Учир нь цогцолбор ашиглалтад орохыг хүлээж байгаа 300 орчим иргэн бий" гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Мөн шинээр байгуулагдаж буй автохудалдааны захад банк санхүү, төрийн байгуулагын нэг цэгийн үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх юм байна. Аж ахуй нэгж, байгууллага, иргэд энэ талаар хүсэлтээ цөөнгүй ирүүлээд байгаа аж.

"Да хүрээ"-д автомашин заруулахгүй байгаа нь үнэн үү?

"Да хүрээ" захын нэг хэсэгт автохудалдааны бизнес эрхлэгчдийг оруулахгүй, захыг хаагаад байна" гэсэн мэдээллийг нэгэн уншигч манай редакцид ирүүлсэн юм. Энэ талаар "Автохудалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан н.Цэлмэгээс тодруулахад "Тус зах хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Захын зэргэлдээх нэгэн газрыг  эзэмшигч эзэн нь өчигдрөөс эхлэн газар дээрээ барилгын ажил эхлүүлсэн гэсэн. Тиймээс түрээсийн худалдаачдыг оруулахгүй, байгаа. Тэдгээр иргэд бизнес эрхлэх боломжгүй болсон гэх мэдээлэл манай байгууллагад ирсэн. Бусад бүхий л автохудалдааны төв, захууд хэвийн ажиллаж байгаа" гэлээ.

Ямартай ч албаныхны өгч байгаа мэдээллээр Хорин хоёрын товчоонд барьж буй шинэ захыг энэ аравдугаар сардаа багтаан ашиглалтад оруулж, захуудыг ирэх арваннэгдүгээр сарын эхээр нүүлгэхээр төлөвлөж байгаа юм байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж