Дэлхийн монголчууд Байгаль далайн хөвөөнд чуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн монголчууд Байгаль далайн хөвөөнд чуулна

Дэлхийн Монгол туургатны чуулган энэ долдугаар сарын дундуур ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болно. Байгаль далайн хөвөөнд болох эл чуулган Дэлхийн монголчуудын дөрөв дэх цугларалт юм. Дэлхийн монголчууд төрийн бус байгууллагыг анх 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойн байгуулжээ. Дэлхийн 12 оронд 10 сая орчим монгол хүн бий гэсэн тоо байдаг бөгөөд  энэ нь дэлхийн хүн амын 0,2 хувь юм байна.
Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүн тус чуулганы хүндэт Ерөнхийлөгч  байх дүрэмтэй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаан-Үдийн чуулганд оролцох бололтой. Монгол Улсын талаас зохион байгуулах хороог БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүлж байгаа бол Буриадын талаас хороог тус улсын Ерөнхийлөгч А.Наговицын удирдах ажээ. Уг чуулганы үеэр “Даяарчлал ба дэлхийн монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Монголын аж үйлдвэрийн барааны үзэсгэлэн, бусад төрөлжсөн үзэсгэлэнгүүд, соёл,спортын цогц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваагүйгээр монголчуудын чуулганыг төсөөлөх аргагүй. Морь уралдуулж, Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын бөхчүүд үзүүлэх барилдаан хийх аж. Буриад, урианхай, халх сурын харваа болох юм байна. Чуулганы үеэр Монгол туургатны соёл, мэдээллийн төвийн нээлт болж, монгол хэлтнүүдийн нэгдсэн гала концерт тоглох ажээ.  

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж