Н.Алтанхуяг хөзрөө дэлгэв

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Засгийн газарт сэлгээ хийж, бүтцийн өөрчлөлт оруулна гэсэн Н.Алтанхуягийн цочир мэдэгдэл унтаа байсан улс төрийг хөдөлгөөнд оруулж эхэлсэн. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газарт ямар өөрчлөлт оруулж байгаагаа  өнөөдөр задаллаа.  Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Н.Алтанхуягийн хөзрийг харахад С.Баярын Засгийн газрын бүтцийг илүү дээр хувилбар хэмээн үзсэн бололтой. С.Баярын Засгийн газрын үед 13 яам, 16 сайдтай ажиллаж байсан бол Н.Алтанхуяг танхимаасаа  гурван сайдаа явуулахаар болжээ.

УИХ-д өргөн барьсан Засгийн газрын шинэ төслөөс харахад  Зам тээврийн болон Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн хөгжлийн, Уул уурхайн яам Эрчим хүчний яамыг нэгтгэж Геологи уул уурхай, эрчим хүчний, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж Сангийн яам болгон 13 яам, 16 сайдтай ажиллахаар болов.   Мөн хэний ч таамаглаагүй нэг хувилбар нь Гадаад харилцааны яамны чиг үүргийг  Шадар сайдад харъяалуулж байна.

Ерөнхий сайд хуулийн дагуу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн.  Уг албан бичгийн хариуд Ерөнхийлөгч саналаа өгөхдөө Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн байна. Тодруулбал, “УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” гэжээ.

Засгийн газрын тэргүүн бүтцээ цомхотгож, танхимдаа сэлгээ хийхээр шинэ бүтцээ  танилцуулсан нь сошиал ертөнцийн гол сэдэв болоод байна. Улс төрийн хүрээнийхний зүгээс элдэв янзын таамаглал дэвшүүлж,  Шинэ Засгийн газрын талаар  Геологи уул уурхай, эрчим хүчний сайдаар М.Энхсайхан, Шадар сайд болон Гадаад харилцааны сайдаар Н.Батбаярыг тодруулж эхэллээ. Мэдээж, энэ бол улс төрийн хүрээнийхнээс гаргаж буй гаргалгаа.  Ерөнхий сайдын гарт үлдсэн нууц хөзөр дэлгэгдээгүй цагт үүнд итгэх аргагүй. Ямар ч байсан энэ Засгийн газраас хамгийн түрүүнд “төрхөмдөө” буцах сайд бол Д.Ганхуяг, А.Гансүх байх нь тодорхой болов.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн Н.Батбаярыг огцруулах асуудал багтаж байсан боловч хэлэлцэх асуудлыг дарааллаас хасагдсан.  МАН-ын зүгээс эдийн засгийн хямралд Эдийн засгийн сайд буруутай хэмээн өнгөрсөн хаврын чуулганаар огцруулах саналыг өргөн барьсан юм.

Н.Алтанхуягийн дэлгэсэн хөзрийн араас Ардчилсан нам МоАХ-ныг буланд шахаж эхлэв үү гэсэн хардлага таамаглал ч багагүй өрнөж байна. Гэхдээ А.Гансүхийг явуулна гэж Ерөнхий сайд нэг ч удаа дуугараагүй байгаа. Танхимдаа хэнийг явуулж, хэнийг авч үлдэх гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрхийн асуудал.

МАХН-МҮАН буюу “Шударга ёс” эвсэлд оноогдсон сайдын суудалд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэдэг бүтцийн өөрчлөлтөөс харахад тодорхой болов. Тиймдээ ч тэд Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийх бүрэн эрх нь Ерөнхий сайдын мэдэлд байгаа хэмээн мэдэгдэж байсан нь хөшигний цаана аль хэдийн тохироо явагдаж байсныг гэрчлэх биз. Харин твиттерт ирэх улс төрийн талаар ингэж таамаглалж байна.

Цогоо гуай @TsogtgerelB

-Лу.Болдыг Портуунаар арай ч сольчихгүй байлгүйдээ ка ка ка чихэндээ ч итгэхгүй байна.

Баттөмөрийн ЭНХБАЯР@Enkhbayar_bat

-ЗГ-ын бүтцийн агуулга: Женкогийн гэх Гансүхийг пааслах, Энхсайханыг Сономпилын оронд оруулах, Портуун, Ганхуягаас хэл амгүй салж дэвшүүлэх.

МӨНХБАЯРТ ЭРХЧӨЛӨӨ@batzorig2012

-заа, енеедреес Бортууна лааз ешиглеж Бонд идэлцэж хуваалцсан жагсаалтаа зарлахуу, Сайд болж дуугуй суухуу гэдэг ШИНЭЧЛЭЛ эхэлжээ хэхэ

Чөлөөт хүн @Ganzorig1 1h1 hour ago

-Энэ яамдууд нэгдээд байдаг хамгийн гол нь хэмнэлт ш тээ. Бүтэц цомхотгогдохуу гэдэг л байна.

Гэхдээ Н.Алтанхуягийн гар дахь  гол хөзөр дэлгэгдээгүй байгаа. Тэр эхний хөзрөө дэлгэсэн. Түүний танхимд хэн үлдэж, хэн явах  улс төр өнөөдрөөс л эхэлж байна гэсэн үг.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж