Ж.Энхбаяр: Эрх баригчид дэндүү хожимдож ухаарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Эрх баригчид дэндүү хожимдож ухаарлаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа танай намын бүлэг хуралдсан. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв. Энэ удаагийн чуулганы үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

Энэ удаагийн намрын чуулган маань 2015 оны Монгол Улсын төсөв, хөрөнгө оруулалт, мөнгөний бодлогыг батлах буюу сонгуулийн өмнөх жилийн ерөнхий дүр төрхийг тодорхойлно. Юуны өмнө бид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх мэдээллүүдийг сонслоо.

Намын дотоод ажил, өнгөрсөн хугацаанд намын байгуулалтаас хийсэн арга хэмжээ, орон нутаг, дүүрэг хороо, аймгуудад хийгдсэн ажлын тайланг сонслоо. Мөн Засгийн газрын ард түмэндээ амласан “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар тоон үзүүлэлтүүдийг харлаа. Тэгэхээр тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулъя. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсныг бид мэднэ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт ердөө 5 хувьтай л явж байна.

Инфляци 14 орчим хувьтай гарсан байна. Гадаад валютын нөөц хоёр дахин багасч, гадаадын хөрөнгө оруулалт тав дахин багассан байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 орчим мянган аж ахуйн нэгжийн 50 хувь буюу 51000 гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан байна. Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн хэмжээ 76 хувиар өссөн. Тэгэхээр энэ эдийн засгийн хүндрэл, үүнийг дагасан нийгмийн бухимдал, ядууралтай холбоотойгоор стресс, бухимдал их байна гэж харж байгаа.

Үүнийг дагаад гэмт хэрэг өсөж байгаа байх. Улсын төсөв хийх ёстой хөрөнгө оруулалтынхаа дөнгөж 40 хувийг гүйцэтгэсэн байна. Төсвийн орлого бүрдүүлэх үүрэгтэй татварын орлогын бүрдүүлэлт бараг 700 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын байгууллагууд нэг шатлалаар унагаалаа.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдал хүнд, хүндрэх төлөвтэй, ийм учраас Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалт эрсдэлтэй боллоо гэсэн муу мэдээ.

Тэгэхээр үүнийг тойрсон асуудлууд дээр Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийнхөө тайланг тавих байх. Бид Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээ, тайлан дээр үндэслэж л ярьж байгаа. Бодитой гарчихсан тоонууд.


-Энэ удаагийн намрын чуулган түүхэн чухал шийдвэрүүдийг гаргах ёстой, хамгийн чухал намрын чуулган болж байна гэдгийг эрх баригч намын бүлгийн дарга хэлсэн. Та юу гэж бодож байна вэ?

Эрх баригчид хамгийн чухал шийдвэрийг 2012 оны намар гаргах байсан. Тэр үед л бодлогын алдаануудыг хийчихсэн. Бид бүх талаас нь хэлсэн. Урьдчилан сэргийлэх гэж оролдсон, сэрэмжлүүлсэн. Гэсэн ч буруу замаар яваад ирчихлээ.

Өнөөдөр хоёр жил хүрэхгүй хугацааны дараа бүтцийн өөрчлөлтийн асуудлыг яриад байж байна. Дэлхийд гайхуулж байсан эдийн засгийн өсөлтийг ингэж унагаачихаад, өнөөдөр дахиад “Түүхэн их хурал, намрын чуулган” гэж ярьж байгааг сайн ойлгохгүй байна.

Яахав алдаагаа залруулах талаасаа тэр утгатай ойрхон байж болох юм. Гэхдээ хэтэрхий өндөр үнээр ухаарч байна шүү дээ. Эрх баригчид маань алдаагаа ойлгосон, түүнийгээ засаж, залруулсан чуулган байгаасай.


-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

Зөв л дөө. Өөр арга байхгүй. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг хэрэгтэй хэрэггүй франкцын төвшинд хуваагдсан олон яамд, төрийн албан дахь замаа алдсан мэргэжлийн бус байдлыг өөрчлөх хэрэгтэй. Намын гишүүн гэдэг супер алба гарч ирсэн шүү дээ.

Намын гишүүн бол инженер, эдийн засагч, шүүгч, прокурор юу ч болж болдог. Ерөөсөө намын гишүүн гэдэг ганц л шалгууртай болчихсон. Үүний цаана Монголын төр яаж нурж унаж байгааг бид харж байна.


-Энэ удаагийн чуулганаар төмөр замын асуудлыг бас хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Өнөөг хүртэл асуудал сунжирсаар байгаагийн шалтгаан юу вэ. МАН-ын бүлэг төмөр замын асуудлаар ямар байр сууьтай байгаа вэ?

Энэ асуудлыг Ардчилсан намаас тавих хэрэгтэй. Эд нарын л асуудал шүү дээ, дотроо хэрүүл хийгээд. Бодлого бол тодорхой байгаа. Засгийн газар асуудлаа шийдээд ороод ирвэл Ардын нам үүнд татгалзаад байх зүйл байхгүй.

-Нарийн царигийг дэмжихэд бэлэн гэсэн үг үү?

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад удаж байна. Одоо хэрэгжүүлэх шатандаа л асуудал үүсэж байгаа.


-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах тухай асуудал хаврын чуулганаас дамжаад орж ирсэн байгаа. Танай намын бүлэг энэ асуудлаар байр суурь хэвээр байгаа юу?

Маргааш санал хураалт явагдана. Миний хувьд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндэрсэнд гол хариуцлага хүлээх хүн нь Эдийн засгийн хөгжлийн сайд хэвээрээ л байгаа.


-Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийхдээ МАН-тай нэгдэх гэж байна уу гэх яриа мэр сэр байна. Үнэхээр тийм яригдсан зүйл байна уу?

Одоохондоо тийм яригдсан зүйл байхгүй.


-Гэхдээ парламентын төвшинд 3/2-ын зөвшилцөл хэрэгтэй байна. Тэгж байж, чухал шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах хэрэгтэй гэдгийг АН-ын зарим гишүүд хэлж байсан?

Их л оройтож ухаарч байна. Оройтсон гэмшил. Хэт их улс төрийн хийрхэлийнхээ үр дүнд бид түүхэн боломжтой цаг хугацаагаа өөрсдөө л устгалаа шүү дээ. Аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь үйл ажиллагаагаа зогсоолоо шүү дээ. “ЭЗЭН-100” гэх 100-хан хоногийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ яаж өссөн байна вэ.

Атар талх 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч, 35.3 хувиар өссөн. Нэгдүгээр гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч, 47.5 хувь, цагаан будаа 2200-аас 2650 төгрөгт хүрч, 20.5 хувиар өссөн байх жишээний. Орон сууцны үнэ гэхэд АН эрх барьсан хоёр жилийн хугацаанд 2.6 дахин өслөө шүү дээ.

Үүний нөгөө талд ард иргэдийнхээ цалин, орлогыг нэмэгдүүлж байх ёстой. Гэтэл цалин хөлс нэг төгрөгөөр ч нэмэгдэж чадсангүй. Дээрээс нь монгол төгрөгийнхөө ханшийг бараг 50 хувь унагаачихлаа.


-Одоо тэгээд яах ёстой болж байна вэ. Засгийн газрыг огцрууллаа гээд бүх зүйл шийдэгдэхгүй биз дээ?

Арай нэг эрүүл ухаантай хэдэн байгаа байх гэж найдаж байна. Ямар ч байсан Ардчилсан намын шинэчлэлийн баг улс орныг үнэхээр шинэчиллээ. Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг сөрөг талдаа үнэхээр сайн шинэчилж чадлаа. Одоо дараагийн өөр, чадвартай хүмүүсээ гаргаад, нөөц бололцоогоо дайчлаад ажиллах ёстой гэж бодож байна. Тийм шаардлагыг л тавина. Хариуцлага тооцно.

 

Эх сурвалж: Eagle TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж