Д.Отгондалай: Надад ялагдах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай: Надад ялагдах эрх байхгүй

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна. Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэн хожсон юм. Д.Отгондалай маргааш алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглохоор болжээ.

Тоглолтын дараа түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та мөнгөн медалийн болзол хангалаа. Монголын зарим боксчдын ялалт луйвардуулсан болохоор битүүхэндээ бид айдастай л байлаа. Та Монголынхоо үзэгчдэд сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Надад одоо хожигдох эрх байхгүй. Би Монголын боксчдынхоо төлөө, Монголын багийнхаа төлөө бүх хүчээ дайчилж, тоглох ёстой байсан.

-Японы тамирчин тоглолтын туршид хэд хэдэн удаа өөрийг чинь мөргөсөн. Өрсөлдөгч чинь нуруугаар нилээн өндөр байсан. Ямар тактик боловсруулж тоглов?

-Багш нартайгаа ярилцаад, зайнаас тоглох тактик боловсруулсан. Тэр дагуу тоглолоо.

-Маргааш алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт хийнэ. Амжилт хүсье.

-Тийм ээ. Монголын боксчид Азийн наадмаас анхны алтан медалиа хүртэх зорилготой ирсэн. Боксчдынхоо энэ том зорилгыг биелүүлэхийн төлөө би бүх хүчээрээ тоглоно оо. Азийн наадамд оролцож байгаа баг тамирчдаа чин сэтгэлээсээ дэмжиж байгаа монголчууддаа, баг хамт олондоо маш их баярлаж байгаагаа, та бүхнээс эрч хүч авч байгаагаа энэ дашрамд дамжуулъя.

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /Инчён хотоос мэдээлэв/

 

Post by MSPU.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж