Хөдөлмөрийн төв бирж цогц байдлаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн төв бирж цогц байдлаар ажиллана

-Хөдөлмөрийн төв бирж ажлын байранд зуучлаад зогсохгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргадаг болжээ-

Хөдөлмөрийн төв биржээр өмнө нь зөвхөн ажлын байранд зуучилдаг байсан бол одоо нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг авах боломжтой болжээ. Энэ талаарх хурлыг өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  хийлээ. Урьд нь Хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй ажилгүй иргэд, нээлттэй ажлын байрны тоо буруу гардаг, хуучин зарлаж байсан нээлттэй ажлын байрны зарыг шинэчлээгүй, иргэдийн регистрийн дугаар солигдсон, давхардсан тохиолдол их гардаг байсан бол одоо энэ байдал арилсан талаар хурлын үеэр онцолсон юм.

 Энэ талаар Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяагаас тодрууллаа.

 -Хөдөлмөрийн  зах зээлийн нэгдсэн системийг бүрдүүлсэн гэж байна. Юугаараа шинэлэг байж чадах вэ?

Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын сантай холбосон нь том өөрчлөлт боллоо. Үүний үр дүнд нийгмийн даатгал төлсөн мэдээллийг харах боломжтой бөгөөд Хөдөлмөрийн төв бирж зөвхөн ажилд зуучлах биш, даатгалын сангийн мэдээллийг хүргэх  нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Тухайлбал, ажил олгогч нь ажил хайгчийн ажлын туршлага, нийгмийн даатгал хэрхэн төлж байсныг харах боломж бүрдэнэ. Мөн ажил хайгч тухайн хүн тэтгэвэрт гарах боллоо гэхэд хаана, хаана ажиллахдаа хэдий хэмжээний даатгалын шимтгэл төлж байснаа лавлаж болох юм.

-Энэ мэдээллийг Хөдөлмөрийн төв биржид хэрхэн хандаж авах вэ?

-Хөдөлмөрийн төв бирж дээр өөрийн биеэр ирж авна.

-Хөдөлмөрийн биржид одоогоор хэдэн ажил олгогч, ажил хайгч бүртгэлтэй байна вэ. Одоогоор ямар ажлын байр хамгийн эрэлттэй байгаа вэ?

-Хөдөлмөрийн төв биржид одоогоор 48000 ажил олгогч, 33800  идэвхтэй ажил хайгч бүртгэлтэй байгаа. Ер нь тогооч, дизайнер, гагнуурчин, инженер хамгийн эрэлттэй ажлын байр болоод байна. Сүүлийн үед үүн дээр худалдааны менежер нэмэгдэх болсон. Харин ажил хайгч, ажил олгогч хоёр нэг шугаман дээр тохирдоггүй, эрэлт муутай ажил мэргэжил бол хуульч, эдийн засагч, нийгмийн ажилтан, орчуулагч. Тиймээс оюутан, залууст зах зээлд эрэлттэй мэргэжил сонгохыг зөвлөж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж