“NHK” ТВ сумо дамжуулахгүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

“NHK” ТВ сумо дамжуулахгүй байж магадгүй

Сумочид  мөрийтэй тоглоомтой холбоотой асуудалд орооцолдсонд үзэгчид маш бухимдангүй байгаа. Тиймээс Японы олон нийтийн телевизийн сүлжээ “NHK” энэ долдугаар сарын сумогийн тэмцээнийг дамжуулахгүй байж магадгүй байна. Сүүлийн 60 жил сумогийн тэмцээнийг тасралтгүй дамжуулж ирсэн “NHK” хэрвээ сумо дамжуулахгүй бол энэ нь өмнө нь болж байгаагүй тохиолдол болох болно.
Японы эртний уламжлалт спорт сумогийнхон өмнө нь сонсогдоогүй шившигт явдалтай хутгалдаад байгаа гэж япончууд үзэж байна. Сумогийн дээд зиндааны олон дасгалжуулагч, бөхчүүд бейсболын тоглолтон дээр өөрсдөө бас гангстеруудтай хамтран их хэмжээний мөрий тавьж тоглосон байна. Эртний уламжлалт спортынхоо нэр хүндийг унагасан бөхчүүдэд өнөөдөр сумогийн холбоо ямар арга хэмжээ авахаа зарлах болно. Түүнчлэн цагдаагийн газар уг хэргийг шалгаж байгаа бөгөөд нэг хүнийг баривчилсан байна. Монголын сумоч, их аварга Хакухо мөн мөрийтэй тоглосон гэдгээ хүлээсэн хэдий ч одоогоор түүнд арга хэмжээ авах тухай асуудал яригдаагүй байна.

“Сумогийн холбоо ямар арга хэмжээ авч байгаа талаараа зарласны дараа бид энэ асуудлаар шийд гаргах болно. Түүнчлэн үзэгчид энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг бид харгалзан үзэх болно” гэж “NHK” агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Юичиро ярьсан байна. Тус агентлаг одоогийн байдлаар 8,200 орчим санал утас, мейл, факсаар хүлээж аваад байгаа бөгөөд тэдний 65 хувь нь 15 хоног үргэлжлэх сумогийн  тэмцээнийг ТВ-ээр дамжуулахгүй байх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. Сумогийн барилдаан долдугаар сарын 11-нд Японы Нагоя хотод эхлэх болно.
Японы сумогийн холбоо мөрийтэй тоглоомны асуудалд орооцолдсон 13 дасгалжуулагч, 14 бөхийн барилдааныг түр хориглох буюу хөөх тухай асуудлаар шийд гаргах болно. Түүнчлэн хэдийгээр Сумогийн холбоотой хамтран ажилладаг зарим спонсорууд долдугаар сарын тэмцээнд хамтарч ажиллахгүй гэж мэдэгдсэн ч сумогийн тэмцээн хуваарийн дагуу үргэлжлэх болно гэж Сумогийн холбоо мэдэгдсэн юм. Сумогийн гарал үүсэл нь шашны зан үйлтэй холбоотой байдаг бөгөөд сумогийн дэвжээг ариун газар гэж үздэг тул сумогийн бөхчүүдээс япончууд хатуу жаяг, ёс зүй, дэг шаарддаг юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж