Алтан гүүр буюу Даней багш

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Алтан гүүр буюу Даней багш

Мэдээллийн www.news.mn сайтын цахим хаягаар дэлхийн өнцөг булан бүрээс санал сэтгэгдэл, дурсамж бүхий олон илгээмж ирдэг. Эдгээрийн нэгийг нийтэлж байна.
 
«Бүтэх үйлсийн эхэнд буянтай сайхан хүн таарна» гэдэгчлэн хорвоо ертөнц шинэчлэгдэх урь анзаарагдаж, өлгий нь тайлагдсан нялхсыг санагдуулахтай адил хүлээснээс тайлагдаж,1986 онд болсон “Алматыда Желтоқсан көтерілісі” буюу XII сарын нэрээр түүхэнд үлдсэн ардчилсан хөдөлгөөн эхэлсэн тэр цагаас бидний зөвлөгч удирдагч маань болсон тэр эрхэм хүндэт багш маань Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн физик математикийн тэнхимийн эрхлэгч асан профессор Хизатбек овогтой Даней юм.
Х.Даней нь Монголын казахуудын өсөн өндийж яваа эрдэм боловсролтой сэхээтнүүдийн нэг юм. Тэрээр бүр наяад оны тэртээгээс Казахын үндэсний соёл урлаг, оюуны өв,
уламжлал, ёс заншилыг сэргээн хөгжүүлэхэд бүхий л хүч чадал боломж бололцоогоо дайчилсаар иржээ. Эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил төрлөөс тэс хөндий үндэсний үнэт зүйлийн төлөө ханцуй шамлан, чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэг бол эгэл хүн болгонд байдаггүй эрхэм чанар мөнөөс мөн.
Тухайн 80-иад оны үед манай улсын ихэнх сэхээтний дунд намчирхах, цол хэргэм, өндөр сэнтийн төлөө нэр төрөө эрхэмлэх явдал их байсан. Харин Даней багш маань энэ бүгдээс илүү
үндэсний эрх ашиг нь нэр төрд маань муугаар нөлөөлнө гэж эмээлгүй өөрчлөн байгуулалт хөгжил дэвшилийн төлөө олныг араасаа дагуулж чадсан билээ.
Тэрээр бидний хэсэг залуучуудыг шинийг эрэлхийлэх хүсэл зоригийг
хөхүүлэн дэмжиж «ингэвэл илүү эвтэй байлгүй» гэх мэтчилэн чиглүүлж байсан. Казахстаны түүхэнд удаа дараа тохиолдсон хэлмэгдүүлэлтийн нийтийн өмнө дэлгэн тависан «Алаш»хэмээх хөдөлгөөний /казахын ард түмний үндэсний онцлог дүр төрхийг нандигнахыг эрхэмлэгч Д.Х/ цогтой тэмцэгчдийг цагаатгаж буй соргог мэдээ сэлтүүдийг бидэнд тасралтгүй хүргэж байлаа.  Улмаар ХААДС-ийн казах оюутан бид нарыг «Дуугарвал дуу нэг дугтарвал ханцуй нэг» гэдэгчлэн 1987 оны 12 дугаар сарын 27 нд «Мурагер» /Өвлөгч/ хэмээсэн урлагийн бүлгэм үүсгэн байгуулах шалтаг, эх сурвалж болсон билээ. Яруу найрагч, туульчин, дуучин, хөгжимчин нарын шинэ үеийнхнийг эгнээндээ багтаасан эл бүлгэм нь урлагийн авьяас чадвараараа Улаанбаатар хот болон ойр хавийн суурин газруудаар аялан тоглолт хийхийн хамтаар үндэстний өв соёлоо
сэргээх, бахархах үзэл санааг дэлгэрүүлж,уриалж явлаа. Удалгүй бүлгэмийн «Мурагер» хэмээх нэрийг бидний удирдагч болох Даней багшийн санаачлагаар «Толкын» /Давалгаа/ гэж өөрчилж ансамбль болж өргөжүүлсэн билээ. Давалгаа гэдэг маань үнэхээр хийморлог
гүн утгатай үг хэллэг юм. «Давалгаа»-ны тухай «Давалгаанаас давалгаа бий болдог» хэмээх яруу найрагч Магжаны дуу, «Давалгааг ах нар тэргүүлж дүү нар удаалдаг» хэмээхяруу найрагч Абайн шүлэгнээс санаа авч багш маань энэ нэрийг сонгосон юм. Багш маань эгэл жирийн нуурын намуухан давалгааг бус далайн их шуурга адил хотол олны их давалгааг зөгнөсөн бололтой. Энэ нэр нь үндэсний өв соёлыг эрхэмлэгч өмнөх үеийн алдарт өвөг дээдсийн ул мөрөөр үйл хэргийг ньүргэжлүүлэх, шинэ давалгаа буюу залуу үе цалгин давалгаалсаныг илэрхийлэл болж чадсан юм. Удалгүй Ховд аймагт казах хэлээр «Толкын» нэртэй сонин, хожим Улаанбаатараас казах хэлээр «Толкын» нэртэй радио нэвтрүүлэгч явж эхэлсэн. Тэнгэрт дүүлэн нисэхэд бэлтгэгдсэн бүргэдийн ангаахай шиг «Толкын» ансамблийн уран бүтээл улам бүр чанаржиж өөр нэг их үйл хэргийн ул суурийг тавьсан юм.
1990 оны эхээр Даней багш маань Монголчууд «Малчдын баяр» гэж ёсорхуу нэр зүүсээр удсан шинэ жилээ «Цагаан сар» хэмээх уламжлалт баяраа сэргээн тэмдэглэж эхэллээ. Энэ сайн цагийн эхэнд казах түмний жар далан жилийн тэртээ мартагдсан казахийн шинэ жил “НАУРЫЗ” баяраа сэргээн өргөн дэлгэр тэмдэглэе, бусаддаа бас казахийн баялаг өв уламжлалаас таниулъя гэж шийдсэн юм. Бид ч багшийн энэ санааг дуу нэгтэй дэмжиж төрсөн нутаг,
элгэн саднаасаа хол суугаа казахчууддаа үндэсний шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх ажилд бүхий л хүч бололцоогоо дайчилж аливаа бэрхшээлийг даван туулна гэдэгтээ итгэлтэй байсан. Ингээд бусад дээд сургууль болон техникумд
суралцдаг нутаг нэгт оюутнууд, казахууд ихээр суурьшсан суурин болох Улаанбаатар, Налайхийн ард олонд хэл хүргэж, урилга тараав. Даней багш маань заримдаа удирдагч, зохион байгуулагч харин заримдаа бүр найруулагч ч болж байлаа. Хаяа хичээлээс чөлөөлүүлж, өдөр шөнөгүй бэлтгэж байсан.
Тэгсээр, тэсэн ядсан өдөрийн алтан нарны гэгээ туссан тэр нэгэн 1990 оны Наурыз сар буюу 3-р сарын 22-ны өдөртэй угтан золголоо. Энэ өдөр нь ганц бидний хувьд төдийгүй нийт Монголын казакуудын хувьд сэтгэлгээний хувьсгал гарсантай агаар ижил үйл явдал болсон юм. Энэ нь биднийг үндэсээрээ бахархдаггүй, ичгүүр
сонжуургүй, бор ходоодоо л борлуулдаг, бэртэгчин сарнимал биш харин нэгдэн нийлэх аваас голын усыг ч эргүүлэн урсгаж чадах оюунлаг казах үндэстэний нэг юм гэдгийн илэрхийлэл болсон юм. Эл өдөр хүрэлцэн ирсэн олны сэтгэгдэлээс илт байлаа.
Тэр үед Монгол улсад нийтдээ 150 мянга орчим казах иргэд байсан бөгөөд тэдний талаас илүү хувь нь Баян-Өлгий аймагт ихэнх нь Улаанбаатарт оршин суудаг байв. Ингээд «Наурыз»,-ын баярын хөшгийг нээхээр Нийслэл хийгээд Налайхад амьдардаг нутаг нэгт ахан дүүс маань бараг бүгд шахуу хүрэлцэн ирлээ. Ураг төрөл, найз нөхдийн учран золгосоны баяр хөөрийг харахад нүдний нулимс мэлмэрч байлаа. ХААДС-ийн 1000 хүний суудалтай өргөн уудам
танхимийг пиг дүүргэж баян хөөрөөр бялхсан алга нижигнэлтээр баярын концерт эхлэв. Уг анхны «Наурыз», баярын концертыг нээж, хааж «Толкын» ансамблийн тэргүүн Х.Даней багш маань үг хэлэв. Тэрээр үндэсний шинэ жилийн баяраа цаашид жил бүр энэ өдрийг
өргөн дэлгэр тэмдэглэж байхыг захиж, бүх хүнд ирж буюу шинэ ондоо амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байсан нь саяхан мэт. Тэр захиас эдүгээ нэгэнт хэрэгжин биеэлжээ. Аливаа зөв үйлийн эхлэл гэдэг бол асар их тэвчээр, уйгагүй зүтгэлийн үр дүн байдаг. Ингээд Монголын казахууд анхны буюу дахин сэргээгдсэн шинэ «Наурыз»-ын баяраа 1990 онд ардчилал
шинэчлэлтийн үр дүнд Х.Даней багшийнхаа дэмжлэгтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
«Толкын» ансамблийн үйл ажиллагаа зөвхөн үүгээр хязгаарлагдсангүй. Ансамблийн тэргүүн Даней багш маань бидний элдэв санааг «энэ хорвоод болохгүй бүтэхгүй зүйлгэж байдаггүй юм» хэмээн хөхиүлэн дэмжиж байв.
Наурызын баярын дараа Налайх, Төв аймгийн Эрдэнэ сумдад очиж концерт тоглож сонирхуулав.
Ансамблийн үйл ажиллагааг тухайн үеийн сургуулийн хувьсгалт залуучуудийн эвлэлийн дарга Батцэцэгээр дамжуулж Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороотой холбоо тогтоосон. Үүний үр дүнд Казахстан улсын одоогийн парламентийн гишүүн  Т.Бекболаттай, улмаар Казахстан улсын залуучуудын эвлэлийн хороотой хоёр орны залуучуудын хамтын ажиллагааны  
алтан гүүрийг багш маань тависан юм. Энэхүү аялан тоглолтыг 1990 оны намар 9-10 сард Даней багшийн удирдлагаар Батцэцэг дарга, Улаанбаатар хотод байдаг их дээд сургуулиудын авьяаслаг оюутан залуучуудын 30-иад хүний бүрэлдэхүүнтэй ансамбль баг
Новосибирскээр дайрч Казахстан улсын Алматыг зорьж билээ. Казахстан улсын Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль, Мал Аж Ахуйн Дээд Сургууль, П.Чайковскийн нэрэмжит хөгжимийн дунд сургууль, Мухагали Махатаевийн нэрэмжит 140-р гимнази гэх мэт газарт аялан тоглолт хийсэн юм.
Тоглолтын хөтөлбөрт Алтайн Казахуудын ардын дуунууд, Хурмангазы,Даулеткерейн хөгжим, казакын хөгжмийн зохиолын аязууд үзэгч олонд ихэд таалагдав.
Ялангуяа концертын эхэнд зохиолч М.Хурманханы “Той бастар” дууг:
       Амар сайн байцгаана уу нутаг усныхан минь
       Ахан дүүс түмэн олон бултаараа
       Алатаугийн хур бороог
       Алсаас бид хүсэн мөрөөдсөөр ирлээ.
       Цөөхөн Казахын хувь заяаг
       Даатгахыг хүсэж бид ирлээ.дуулахад үзэгч олны сэтгэлийг  хөдөлгөж орхидог байж билээ. Манай аялан тоглолт нь Казахстан улсад жинхэнэ шуугиан тарьж хэвлэл мэдээлэлүүд бие биеэнээсээ өрсөж мэдээлж байв.
Мөн Алматы-Узан Агаш хотод болсон Сүймбай Аронүлы нэрэмжит “Айтыс” харилцааны дууны тэмцээнд манай дуучин Хабиш овогтой Сабит оролцож шагналт байр эзэлсэн нь бидний нэр хүндийг өндөрт өргөж байлаа. Ингээд Алматы хотоор, Медеу, номын дэлгүүр хэсэж сэтгэлийн тэнхээ нэмсэн оюутан залуус бид жигүүрээ ургуулсан мэт
баярлаж хөөрч Улаанбаатар луу буцсан.
ЗСБНХҮ-ын элчин сайдтай холбоо тогтоож тэндхийн үзбек залуучуудын тус дэмжлэгтэйгээр Зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын ордонд /ДСНК/ концерт тоглох, Ч.Аймотовын зохиолоор хийсэн киног казах хэлээр үзүүлэх ажлыг зохион байгуулсан.
Даней багш маань бидэнд их үлгэр дууриал болдог байлаа. Өөрийнхөө багшийн ажил, компьютер дээр «Машин механизмийн онол»-ийн бодолтууд,дүрслэлийн геометр, материал эсэргүүцлийн тооцоолол, дээд тооны бодолтын программ бичилтийг хийхийн хажуугаар биднийг энэ бүх ажилд удирдан зохион байгуулдаг байлаа. 1992 онд «Толкын» ансамблийн зарим гишүүн сургууль төгсөж, зарим нь Казахстан луу нүүх сургаар бараг мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдсэн ансамблийн гишүүд байгаа дээр дахин
«Наурыз» баярын концертыг зохион байгуулж, тоглуулах нь зүйтэй  гэж үзэв. Мөн тэр үеийн гол гогцоо асуудалаас сэдэвлэж «Нүүх
үү? Нүүхгүй юу?» сэдэвт бэсрэг жүжиг тавьсан. Жүжгийн зохиолыг
Тойшановогтой Акедил бичиж, Х.Даней багш удирдаж,К.Насипхан найруулж гол дүрд нь тоглосон. Эмгэний дүрд Ермек бусад жүжигчид тун чадварлаг тоглосон.
Энэ жүжгээрээ тухайн үеийн нийгмийн байдал, шилжилтийн ороо бусгаа цаг үед казах төрхийн тулга тойрсон өдөр тутмын тарчиг амьдралаас улбаалж, нийгмийн ухамсар шингэсэн маргаанд хариу эрэлхийлж, ард түмэн хүй цөглөсөн нутаг, үр удамын ирээдүйн
хувь заяаг шийдэх нүүх үү? яах уу? гэсэн асуудлыг хөндөж тавьсанаар олны сонирхол ихэд татаж таашаагдсан бүтээл болсон билээ.
Энэ уран бүтээлийг манай сургуулийн захирал П.Санжид, проректор А.Магыш асан тэргүүтэй сургуулийн захиргаа ихэд дэмжин тусалж байсан юм.
 Ингээд нэг бус гурвантаа болсон «Наурыз» баяр нь гагцхүү сэтгэл
сэргээх, наадаж цэнгэх бус мэр сэр улс төр нийгмийн асуудлуудыг хөндөж олны анхааралыг татаж байсан юм. Социалист нийгмийн өрөөсөн талт улс төрийн балгаар хуучины үлдэгдэл гэж адлагдаж, он удаан жил тэмдэглээгүй үндэсний их баяр «Наурыз» баяр Улаабаатар хотод дахин сэргэж, мөнх дэлгэрэх хувь тохиосон аж. Энэ утгаараа «Наурыз»баяр нь ардчиллын баяр юм. Энэхүү үйл хэрэгт оролцох аз тохиосонд чин зүрхний угаас баярлаж бахдах сэтгэл төрдөг юм. Хоёр улс хоорондын хөдөлмөрийн гэрээ гэгч яваандаа их нүүдэл болж өргөжсөн нь «Толкын» ансамбль үндэсний ухамсартай учран золголоо. Казахстан ба Монголын эртний айл сахалт андын холбоог даяарчлалын эринд шинэ эрчээр
хөгжүүллээ.
Казахын үндэсний баярыг сэргээхэд тэргүүн эгнээнд гагцхүү хэл амаараа бус, бодит ажил үйлсээрээ манлайлагч лидер нь үндэстэн минь гэсэн чин зоригтой, ёстой эр хүн бол Хизатбек овогтой Даней багш минь байсан.
Тэрээр төрөлх эх хэл,өвөг дээдсийн өв уламжлалыг соёолуулж дэлгүүрсэн сэхээтэн юм. Шавь нартаа математикийн шинжлэх ухааны далд увдис төдийгүй амьдралын амт шимт, казах төрөлхийн ааш араншингийн үр өгөөж эелдэг ба үзэсгэлэн гоо хэвшлийн учир начрыг зааж сургасан ухаантай нэгэн өмөг түшиг, сумбэр уул минь байсан юм.
Харамсалтай нь тэр нандин эрдэнэс маань болон зарим нь бидний
дундаас салан одсон билээ. Даней багшийг бид өөрсдөө нутаглууллаа. Ж.Сандугаш, Батыржан Саулегүл болон энэхүү их үйлсийг дэмжин тэтгэж явсан хэдэн арван хайрт ах, эгч нарыг дурсан санах ялдамд өөд болоочдын газар өлзий ивээлтэй болог хэмээн тэргүүнээ гудайлгомой.
«Ухаант мэргэдийн нэр нь үлдэнэ, уран дархачуудын мөр нь үлдэнэ» гэдэгчилэн профессор, олны танил нэрт математикч, үндэс эх
орондоо үнэнч Х.Даней багшийн ул мөр, үлдээсэн захиасыг  хойч үе болох үр хүүхэд өч төчнөөн шавь нар нь үргэжлүүлэх болно.     
«Толкын»ансамбль Улаанбаатарт анхлан тэмдэглэн өнгөрүүлсэн «Наурыз»-ын баяр ч энэ жил 20 жилийн ойг тэмдэглэж байна. Эрхэм багш маань хорвоогийн мөнх бусыг үзсэн хэдий ч насны ханийг нь өөрийн адил үзэж баярын хүндэт зочиноор Алматаас-Улаанбаатарт урьсан явдалд чин сэтгэлээсээ талархаж та бүхэндээ Наурызын баярын мэндийг хүргэе.
Наурызын баяр өлзийтэй болтугай. Энэ жил тийн урвагч хэмээх төмөр барс шиг зориг самбаатай бяр тэнхээтэй байх болтугай.    
 
1992 оны ХААДС-н төгсөгчид:
Х.Бабахумар. Түүхийн ухааны дээд эрдэмтэн, Казахстан Улсын Төв
Музейн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан
Т.Акедил.Яруу найрагч, Хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтэн,
М.О.Ауезовын нэрэмжит Уран Зохиол, урлагийн институтын ардын аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан
Х.Сабит.Малын их эмч
 
Алматы хот 2010 оны 02 сарын 10
 
Монгол хэлнээ хөрвүүлсэн Д.Хупария. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
 
Улаабаатар хот 2010 оны 02 сарын 24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж