“ЗГ-ын бүтцийг ярьж байна”

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

“ЗГ-ын бүтцийг ярьж байна”

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэзээ эцэслэн шийдвэрлэх нь олны анхаарал татсан асуудал болоод байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн төлөөлөл багтаж ажилладаг. Эл асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтөөр Ерөнхий сайдтай ярилцсан зүйл байна уу. Эвсэл энэ асуудалд ямар байр суурь барьж байна вэ?

-Санал солилцож байна. Ер нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Би хувьдаа Ерөнхий сайдад та асуудлаа оруулаад ир, тэгээд яръя гэж байгаа. Бид бол бүтэц бүрэлдэхүүнийг илүү чамбайруулсан байх талруу хүлээлттэй байна. 

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил, зорилтууд, улстөрийн нөхцөл байдал, хүчний харьцаа зэргээс шалтгаалж одоогийн бүтэц батлагдсан. Хоёр жил яваад эргээд харахад чиг үүргийг нь илүү чамбайруулах, бүтэц тогтолцоонд нь зарим нэг өөрчлөлт хийх, ажил нь доголдож байгаа гэж үзэж байгаа салбарын сайдтай хариуцлага ярих зэрэг хуримтлагдсан асуудал бий. Энэ хүрээндээ шийдвэрлээд явна гэсэн хүлээлттэй байна. Түүнээс бүтэц дээр тийм байна, ийм байна гэж хэлэхэд одоо эрт байна.

Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа болов уу. Ойрын хугацаанд хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх байх. Тэрний дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж батална. Энэ үед бүлэг байр сууриа илэрхийлээд явна.

-Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудлуудын тухайд?

-Жил болгоны намрын чуулганы гол хэлэлцэх асуудал төсөв, хөрөнгө оруулалтын  бодлого байдаг. Эдийн засагт хүндрэл бэрхшээл тулгарч төсвийн орлого тасарч байгаа үед энэ жилийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дутна. Тийм учраас 2015 оны төсвийн хуулийг чамбай боловсруулах шаардлагатай.

УИХ-ын дарга намрын чуулганы нээлтийн үеэр хэллээ, энэ зун хоёр хөршийн удирдагчид айлчилсан, Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой бүс нутгийн эдийн засгийн интеграцийг илүү өсгөхөд гурван талын оролцоог хангаж ажиллах талаар маш чухал баримт бичгийг гаргасан гэж… Үүнтэй холбоотойгоор манай талаас дагаж гаргах эрх зүйн баримт бичгийг яаралтай батлах ёстой байгаа. Мөн орон нутагт ажиллах үед  улс төрөө цэгцлээч гэдэг асуудлыг газар сайгүй тавьсан. Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах шаардлагатай байгаа. Өөр нэг чухал асуудал нь гурван бүлгийн дарга ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байгаа, Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны баримт бичгийн төслийг боловсруулж батлан гаргах. Зун, намрын хугацаанд ажлын хэсгийн дэд хэсэг нэлээн шаргуу ажилласан. Ирэх арваннэгдүгээр сарын эхний хагаст бодлого болгож, бэлтгэнэ. Болж өгвөл ондоо багтааж, болохгүй бол оны дараа гэхдээ намрын чуулганыхаа хугацаанд урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичгийг батална.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж