Б.Бүлтэнг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Б.Бүлтэнг шүүх хурал хойшиллоо

Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хурал өнөөдөр 14.00 цагт  Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон ч хойшиллоо. Учир нь шүүх хуралд хохирогч хүндэтгэх шалтгааны улмаас  хүрэлцэн ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан байна. Тиймээс дараагийн шүүх хурлын товыг аравдугаар сарын 8-ны 13.00 цагт зарлалаа.

Уг хэргийн  шүүх хурал  өмнө нь хоёр  удаа товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ирээгүйгээс хойшилж байсан юм. Дээрх хэрэгт Гавьяат эмч Б.Бүлтэнтэй хамт Улсын клиникийн III амаржих газрын эмч н.Цовоо, н.Энхзаяа   нарын дөрвөн хүн  холбогдооод  байгаа аж.

Хэргийг сануулбал өнгөрөгч 2013 онд III амаржих амаржих газарт  Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн байна. Том хүүхэд тээж байгаа гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг  нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж, амь насаа алджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж,  хохирогч эмэгтэйн саванд эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр  Гавьяат эмч Б.Бүлтэн өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгуулж байсан ч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд прокурорын шатнаас  хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр  БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж