“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хэвийн ажиллаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хэвийн ажиллаж байна гэв

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч тал болон удирдлага хооронд үүссэн маргаанд тайлбар өгөхөөр албаныхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Худалдааны чөлөөт бүс энэ оны зургадугаар сарын 22-ноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор хэвийн үйл ажиллагаатай  байгаа гэсэн. Тэгвэл чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн болон хөрөнгө оруулагч хооронд таагүй харилцаатай байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үүнд өнөөдрийн хурлын үеэр тайлбар хийж, “Эх угсаа” компанийн захирал н.Ачит-Эрдэнэ буруугаа хүлээн уучлал гуйсан юм. Чухам ямар асуудлаас болж маргалдсаныг тодорхой тайлбарлаагүй ч худалдааны чөлөөт бүсэд хөрөнгө оруулагч, наймаачид, удирдлага хооронд одоо ямарваа зөрчил үүсээгүй, хэвийн ажиллаж байгаа гэлээ.

Худалдааны чөлөөт бүсэд цаашдаа тогтвортой хамтран ажиллахаар нийт 380 орчим хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлснээс 120 орчим аж ахуйн нэгж нь дотоодынх ажээ. 60 компани худалдааны чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээс  одоо 20 компани ажиллаж байгаа аж.  Хойд хөршийн том зах зээлтэй дөхөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, экспортын ашиг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү олон жил ярьсан худалдааны чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг шийдсэн байна. Энд худалдах бараа, бүтээгдэхүүний үнэ хямд, цаашдаа ОХУ, Монгол Улс харилцан 30 хоног визгүй зорчиход худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа улам эрчимжиж, худалдаанаас олох ашиг илт нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцлов.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж