Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Цөхөрсөн гомдол…

Түүнийг алчихаж. Танигдахгүй болтол нь сэглээд, уурхайн нүхэнд булж орхиж. Харамсмаар, халагламаар. Хайран хүний үр. Ганцхан хүүтэй эхийн сэтгэл, голомтыг нь залгах үрийг нь төрүүлж, нэгэн насны амьдралаа холбосон хөөрхий бүсгүй, гурвын гурван хүүхэд нь цаашид яаж амьдрах. Харь элгийн би энд харамсах тэдний сэтгэлийн дэргэд үнэхээр хумхын тоос төдий.

Бид уг нь цөөрч болохгүй цөөхүүлээ биш бил үү. Хүний амь насыг юунаас ч илүүтэй хайрлан хамгаалдаг өвгөдийн удам сан. Гэтэл өнөөдөр бид юу болж хувирав. Түүний бусдын гарт амиа алдах шалтгаан нь ердөө л 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн архи, ачааны микро автобус болчихлоо. Хүний амь ийм хямдхан, хүн хүнээ гэх сэтгэл ийм өчүүхэн гэж үү?

Алга болсоноос нь хойш бид юу хийв? “АПУ” компани “Ганцхан манай бүтээгдэхүүнийг борлуулдаггүй болохоор АПУ-гийн борлуулагч гэх нь манай нэр хүндэд муугаар нөлөөлж байна” гэх утгатай зүйлийг ар гэрийнхэнд нь хэлж, манай цагдаагийнхан 400 алба хаагч гарган Гачуурт орчмын уулыг нэг орой самнасан. Мэдээж хөдөө орон нутгийн цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн тасагруугаа зураг хөргийг нь илгээсэн нь тодорхой. Үүнээс өөрөөр түүнийг амьд мэнд олох, гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох тал дээр бодитой зүйл хийсэн болов уу?

Хотынхоо төв дотор байрладаг Баянзүрхийн товчооны эргэн тойронд хяналтын камер байхгүй, хувьдаа камертай хэдэн шатахуун түгээх станцууд нь бичлэгээ үзүүлэхгүй байгаа талаар түүний ар гэрийнхэн өчигдөрхөн нулимс дуслуулан ярьж байсан. Сая илүү хүнтэй орчин үеийн метрополис хотод амьдарч байна хэмээн хөөрцөглөдөг ч гэгээн цагаан өдрөөр бүхэл бүтэн автомашинтай хүн энэ хотоос сураггүй алга болж, эцэс сүүлд нь амь насаа алдлаа. Энэ хэргийн гол буруутан нь мэдээж алуурчин мөн боловч ард иргэдийнхээ аюулгүй байдлын хамгаалах, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхийн төлөө гудамж, зам талбай, шалган нэвтрүүлэх товчоогоо бүрэн камержуулж чадаагүй төр засаг, удирдах албан тушаалтнууд буруутай.

Өнөөдрийн харамсалтай мэдээнээс хойш түүний ах дүүс нь өөрийн гар утаснаасаа “Б.Алтанхуяг” гэх дугаарыг устгаж, түүний талаар дандаа өнгөрсөн цаг дээр ярилцах болно. Тэр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө өөрийн чадах бүхнээ хийж, хэнээс ч гуйлгүй амвдарч чадаж байгаа мянга мянган залуучуудын нэг байлаа.

Энэ мэт гэмт хэргүүд цаашид гарч, олон сайхан аавын хүүхдүүдийн алтан амь эрсдэсээр байхыг үгүйсгэх аргагүй. “Гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй” гэдэг ч тэднийг бузар үйлээ хийхээс нь өмнө таслан зогсоож, бусдын амь нас, эд хөрөнгийг аврах учиртайсан.

Д.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж