Хван Хэ Тэ: Өөрөө авсан юм шиг л баярласан

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Хван Хэ Тэ: Өөрөө авсан юм шиг л баярласан

Хван Хэ Тэ: Н.Түвшинбаярыг алтан медаль авахад өөрөө авсан юм шиг л баярласан

 

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын 17 дахь их наадам амжилттай үргэлжилж байна. Тэмцээн зохион байгуулагч орны жүдо бөхийн эмэгтэй багийн дасгалжуулагч Хван Хэ Тэтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу, тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна?

-Надад ч мөн ялгаагүй. Ингэхэд манай оронд болж байгаа бага олимп өөрт чинь хэр санагдаж байна вэ?

-Бүх зүйлд сэтгэл ханамжтай байгаа. Харин таныг Солонгосын эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаад зогсч байна гэж бодсонгүй?

-Жүдогийн ертөнцөд олон жил хүчээ өгөн хөлсөө урсгаж явахдаа Хван Хэ Тэ зодог тайлсныхаа дараа юу хийх талаар бодож явсангүй. Би дэлхийн аварга, олимп гээд бүхий л том тэмцээнд орсон. Өдөр алгасалгүй бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд тогтмол оролцдог тийм л амьдралын хэмнэлтэй байлаа. Гэхдээ өмнө нь дийлдэг байсан бөхөө барахаа болихоор хүн өөртөө эс хүсэвч нэг асуулт тавьдаг юм билээ.

-Ямар асуулт вэ?

-Барилдахаа болих уу гэж.

-Тэгээд?

-Энэ асуултад би эргэлт буцалтгүйгээр больё гэж хариулсан даа. Биеийн хүч нь бөхөөгүй ч сэтгэлийн хүч нь уначихаар тамирчин хүн зорилгоо олж харахаа больчихдог юм билээ. Их спорт бол яах аргагүй хатуу тоглоом. Эргэлзсэн хүн дэвжээнд дахин хэзээ ч тэмцэж чадахгүй. Сэтгэл зүйн давуу байдал нь жүдоч хүнд ус, агаар мэт хэрэгтэй зүйл л дээ.

-Гаргасан шийдвэртээ харамсч байгаагүй юу?

Харамслаа гээд ч яах вэ дээ.

-Тантай нэгэн үе дэвжээнд өрсөлдөж байсан Н.Түвшинбаяр энэ тэмцээнээс алтан медаль авлаа. Танд ямар санагдаж байна вэ?

-Н.Түвшинбаяр Азийн тоглолтоос медаль авч байгаагүй юм. Тэгээд алтан медаль авсанд нь өөрөө авсан юм шиг л баярласан. Би түүнийг дэвжээнд гарахад нь бараг л хамт барилдсан даа. Дэвжээн дээр бид өрсөлддөг ч буугаад найзууд юм шүү дээ.

-Жүдогийн татамид барилдаж байсан хүн дэвжээний гаднаас шавийгаа барилдахыг харж суух ямар бол?

-Шавь нарыгаа дэвжээнд гарахад өөрөө барилдаж байснаас илүү бухимдах тохиолдол олон гардаг. Заримдаа яах гэж дасгалжуулагч болов оо гэж өөрийгөө зүхдэг. Гэхдээ шавь нар маань медаль авах үед бухимдал тайлагддаг. Тэр үед хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Одоо тэгээд жүдотой нэгэнт хутгалдсан болохоор эндээс гарах аргагүй юм даа.

-Уучлаарай, та Лондоны олимпоос бараг л медалиас атгаад алдсан. Дэвжээнээс буух тэр үед юу бодогдсон бэ?

-Юу бодогдохов. Өөрийгөө зэмлэсэн. Надад итгэж найдаж байсан олны дэмжлэгийг хөсөрдүүлсэндээ харамссан. Медалийн төлөө хоёр удаа барилдаад ялагдсан гэж бодохоор аймшигтай санагдаж билээ.

-Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Н.Түвшинбаяр хөлөндөө хүнд бэртсэн. Уг нь та тухайн үед хүлээж барилдсан бол ялах магадлалтай байлаа?

-Урагшаа явж барилдахыг дасгалжуулагч маань хэлсэн болохоор үгнээс нь зөрөх эрх надад байхгүй. Би тэр барилдааны бичлэгийг олон үзсэн. Санамсаргүй хөшсөн боловч санаатай мэт телевизийн дуранд буусан байна лээ.

-Хэрэв тэр барилдаанд та ялсан бол Тагир Хайбулаевтай алтан медалийн төлөө барилдах байсан?

-Та түүнийг ялах байсан уу гэж асууж байна уу. Тагирыг ялах боломж байсан бол мөнгөн медалийн барилдаанд бэртэлтэй хүнтэй тийм муу барилдана гэж юу байхав. Тэгэхээр би хэмжээндээ тултал барилдсан байгаа биз дээ.

Д.ЖАВХЛАН

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж