Д.Эрдэнэбат: Төмөр замыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Төмөр замыг шийднэ

Д.Эрдэнэбат: Төмөр замыг шийднэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас  дараах тодруулгыг авлаа.

-2014 оны намрын чуулганаас ямар үр дүн хүлээж байна  вэ?

-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үеийн чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн эрхзүйн шинэчлэлийг хийх чухал үе эхэлж байна. Түүнчлэн хөрш хоёр оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замын бодлого болоод эдийн засгийн суурь хуулиудыг батлах, ялангуяа бизнесийн орчинг сайжруулах гээд  хүлээгдэж буй олон чухал асуудлыг  шийдэх шаардлагатай.

Үүнээс гадна 2015 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батална. Хэдийгээр төсөв хүнд байгаа ч гэсэн  цалин мөнгөний асуудлыг шийднэ. Замбараагүй хөрөнгө оруулалтыг нэг тийш нь болгоно. Төсвийн эрх мэдлийг хэт төвлөрүүлэхгүй саармагжуулах нь бүлгийн байр  суурь  байх ёстой гэж үзэж байна. Орон нутагт эрх мэдлийг илүү өгөх гэх мэт шийдэх ёстой олон асуудал байна. Улс төрийн хувьд ч гэсэн Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл гээд хэлэлцэн батлах ёстой олон олон хуулийн төслүүд хүлээгдэж байна.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаар Ардчилсан намын бүлгийн төвшинд ярьсан зүйл бий юу, мэдээлэл хэр байна?

-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдэгдсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Цаг хугацааны хувьд асуудлыг хэзээ оруулж ирэх вэ гэдэг нь мөн чухал. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг оруулж ирсний дараа бид намын бүлгээрээ хэлэлцэнэ. Бүтцийн өөрчлөлтийг өргөн бариагүй учраас бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Ойрын хугацаанд эл асуудлыг оруулж ирэх  шаардлагатай гэж үзэж байгаа.

-Бүлгээс чиглэл өгөхгүй юм уу?

-Улс төр тогтвортой, эдийн засгийн өнөөгийн нөхцөл шаардлагад нийцсэн бүтцийг бүлэг хүлээж авна, нийцэхгүй бол байр сууриа илэрхийлээд явна.

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахдаа өмнө нь байсан яамдыг буцааж нэгтгэх тухай дуулдах. Энэ тухайд?

-Бүтэц өөрчилнө гэдэг нь орон тоог нэмэх, хасах тухай ойлголт биш. Өнөөгийн улс төр эдийн засгийн суурь өөрчлөлтөд тулгуурлагдсан байх ёстой. Түүнээс  биш нэг хүний болоод нэг яамыг нэмж хасах тухай ойлголт биш шүү дээ.

-Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд төмөр замын бодлого багтсан. Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудалд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замын бодлогыг хэлэлцэх ёстой. Тэр ч утгаараа хэлэлцэх асуудлын эхэнд тавьсан байгаа, шийдээд явна. Бидэнд өөр гарц байхгүй. Харин Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ардын намын бүлэг тавьсан.  Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд тусгагдсан. Хэрэв төсвийн тухай асуудал орж ирэх юм бол Засгийн газрын нэг гишүүний тухай биш Төсвийн тухай ярих нь зүйтэй.

-“Эзэн 100” хөтөлбөртэй холбоотой таны байр суурь хэвээр байгаа юу?

-“Эзэн 100” хөтөлбөртэй холбоотой янз бүрийн байр суурь байгаа.  Бүлэг өнөөдөр энэ талаар Ерөнхий сайдыг сонсоно.  “Эзэн 100”  хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа амьдрал сайжирна гэж хэн ч хэлээгүй.  Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт  гарах хандлага буй болсон эсэх нь бидэнд хамгийн чухал.

 

Г.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж