Онцгойрох зүйлгүй Онцгойгийнхон

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Онцгойрох зүйлгүй Онцгойгийнхон

Онцгой гэж “онцгой” зүйлийг л хэлэх учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар “онцгой” байж чадахгүй нь. Чадахгүй байгааг нь олон жишээгээр илэрхийлж болох боловч хамгийн ойрын том жишээ бол өчигдөр “Шангрила” барилга дээр гарсан гал түймрийг нэрлэж болно. Нийтдээ 500 сая орчим ам.долларын хөрөнгөөр босч, бараг ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон байсан тус барилга дээр гарсан галыг манай онцгойгийнхон унтраасангүй. Шатаж болох бүх зүйл нь шатаж дуусаад гал өөрийн зөнгөөрөө унтарсан гэхэд болно. Учир нь манай онцгойгийнхны хэрэглэж байгаа сунадаг шат, усны хоолой нь ердөө л 35 метрийн өндөрт буюу 12 давхраас дээш давхарт гарсан галд хүрдэггүй юм байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн мэдэгдэж байгаагаар манай онцгойгийнхонд нэг ч нисдэг тэрэг байхгүй. Өдрөөс өдөрт тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлэж байгаа энэ үед дээрх асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж, нисдэг тэрэг шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангаж өгөхийг Шадар сайд Д.Тэрбишдагваас гуйсан ч дорвитой хариу өгөөгүй л байгаа аж.

Дэлхийн зах зээл дээр нисдэг тэрэгний үнэ ханш багтаамж, зориулалтаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг юм байна. Хамгийн орчин үеийн хөнгөн, 12 хүний багтаамжтай, эмнэлэг, цэргийн зориулалттай нисдэг тэрэг 7 сая гаруй ам.доллар байдаг бол гал унтраах, эмнэлэг, хайгуулын зориулалттай, долоон хүний багтаамжтай нь 4,2 сая ам.доллар байхад цэрэг цагдаагийн зориулалттай 40 хүний багтаамжтай нь 65 сая доллар байх жишээтэй. Эдгээрээс онцгой байдлынханд хамгийн тохиромжтой нь мэдээж гал унтраахад ашигладаг 4,2 сая долларын нисдэг тэрэг. Харин өнөөдрийн Монгол банкны ханшаар бол нэг доллар 1840 төгрөг байгаа гэхээр 4,2 сая доллар нь 7 тэрбум 728 сая төгрөг болж байна.

“Азийн цагаан дагина” нэртэй хогны уутыг өнгөрсөн жил 3,165 тэрбум төгрөгөөр тараасан бол энэ жил энэ хөрөнгө 4,6 тэрбум болж өссөн байна. Харин үүний оронд нэг нисдэг тэрэг худалдаж авсан бол улс эх орныххо олон тэрбумаар яригдах эд хөрөнгө, юугаар ч үнэлшгүй хүний амийг аварч болох байлаа. 

Сайн дураараа ууланд авирч яваад төөрсөн сайдаа аврахын тулд Зэвсэгт хүчний жанжин штабын “Ми-171 Е” загварын нисдэг тэрэг ашиглахдаа 11 сая төгрөг зарцуулсан байдаг юм билээ. Гэтэл өвлийн хүйтэнд өлгийтэй үрээ тэврээд мөстэй цуг урсаж одсон эхийг харсаар байгаад алдсан бол олон саяын хөрөнгө шатахыг мөн л “галын дөл өөдөө” гэсээр харж зогслоо. Хэдий болтол энэ чигээрээ байсаар байхыг, хэзээ нэг онцгой шиг онцгойтой болохыг одоогоор хэлэх дарга бүү хэл чөтгөр ч алга. Өмнө нь МИ-8 нисдэг тэргээр ой хээрийн түймэр унтраахаар гар нүцгэн явсан аврагчид амиа алдсан гашуун туршлага одоо хэр нь мартагдаагүй байхад онцгой салбарыг өөд нь татах сэтгэл алга уу. Дараагийн гамшигтай тулахад дахиад л ингэж суух уу?!

Д.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж