Галын аюулгүй байдлын хууль бий юу?
Худалдааны төвүүд ээлж дараалан шатсан, ойн түймэрт намар бүрээр өртдөг гээд галын зовлон нийслэлчүүдийн асуудал байсаар ирсэн. Тэгвэл өчигдрийн Шангрила зочид буудлын барилгад гарсан гал онцгойгийнхоны хүчин чадал сул байгааг дахин санууллаа. Гал унтраах зориулалттай машиных нь өргөгч 12 давхарт л хүрч ажиллав. Түүнээс дээшхи давхарт хүрэх техник, ядаж тойроод эргэлдэх ганц онгоц ч байсангүй. Барилга баригдаж дуусаагүй, хоосон шахуу байсан тулдаа дулаалга нь шатаж дуусаад зөнгөөрөө шахуу унтарсан нь зол боллоо. Энэ бүхэн зүгээр л галын аюултай дорвитой тэмцэх бэлтгэл, урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах хэрэгтэй гэх дүгнэлтэнд хүргэв. Цахим сүлжээгээр дамжуулан олон нийтээс ч галын аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, техник хэрэгслээр хангах шаардлага тавьж эхэллээ.
Тэгвэл яг энэ асуудлыг зохицуулсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ энэ чуулганыхаа эхээр, бүр тодруулбал хэлэлцэх асуудлын тавд жагсааж төлөвлөгөөндөө оруулжээ. Иймд уг хуулийн төслөөр юуг зохицуулсан, энэ нь одоо буй асуудлыг шийдэх хүлээлтэд хариу өгсөн эсэхийг харцгаая.
Галын аюулгүй байдлын хуулийг шинэчлэх шаардлага
Хамгийн эхэнд уг хуулийг шинэчлэх төслийг энэ оны тавдугаар сард өргөн барьжээ. Бидэнд байдаг Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 онд батлагдаж байсан бөгөөд тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан боловч дэлхийн цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын нягтрал, барилгажилт, өндөр барилга байгууламж, үйлдвэржилт, уул уурхайн техник технологийн хөгжил зэрэгтэй холбоотойгоор одоогийн нөхцөл шаардлагыг хангахаа больсон аж.
Гал түймрийн эрсдэл ч жил тутам өсөн нэмэгдэж, сүүлийн 3 жилд объектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18,7 тэрбум төгрөгний хохирол учирч, гал түймрийн улмаас 224 хүн амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатаж. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгаа гэнэ.
Бүтэц, агуулга хэрхэн өөрчлөгдөх вэ?
Бүтцийн хувьд хуулийн төсөл нь 6 бүлэг, 26 зүйл, 153 заалттай бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хуульд 31 заалт нэмэгдэн /25,4 хувь/, 11 зүйл хүчингүй болж, 9 зүйл шинээр нэмж. Найруулгын өөрчлөлт 60,5 хувь. Нийт 85,9 хувь нь өөрчлөгдөхөөр төлөвлөжээ.
Тодорхой заалтаас онцловол галын дуудлагын дагуу ирэх хугацааг богиносгохын тулд Замын удирдлагын төвтэй хамтран зам чөлөөлөх арга хэмжээг шуурхай авах, ингэснээр галын цар хүрээ, хохирлыг багасгах гэнэ.
Мөн төсөлд буй заалтаас онцловол,
-Гал түймэр унтраах аврах анги, гал түймэр унтраах ангийг улсын төсөв, гал түймэр унтраах гэрээт ангийг аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр улсын төсөвт тусгасан төсөв, гал түймэртэй тэмцэх хэсгийг тухайн байгууллага, иргэн, Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
-Гал түймэр унтраах үүрэг бүхий онцгой байдлын байгууллагын нэгж нь техникийн хүчин чадлын хувьд I зэргийн гал түймэр унтраах аврах анги, II, III, IY зэргийн гал түймэр унтраах анги гэж ангилагдана. Ангийн зэрэглэл, техник тоног төхөөрөмж, барилга байгууламж, бүтцийг Стандартчилалын Үндэсний Зөвлөлийн тогтоолоор батална.
-Ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн гал түймрийн дуудлагаар гарч, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн замын хөдөлгөөнд оролцох үед замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд замын цагдаагийн зохицуулагч уулзвар, гарц, гэрлэн дохио харгалзахгүйгээр хөдөлгөөнөө саадгүй үргэлжлүүлэх бололцоогоор хангаж өгнө.
-Орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн эд хөрөнгөө гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал түймэртэй тэмцэх хэсэг ажиллуулж болно. Хэсгийн бүрэлдэхүүн нь гал түймэртэй тэмцэх мэргэжлийн сургалтад хамрагдсан байна.
-Хот, тосгоны ерөнхий төлөвлөлтөд 10000-аас дээш хүн төвлөрсөн суурин газарт 3 км радиуст, эсхүл 4000 хүн ам тутамд гал түймэр унтраах анги, харин алслагдсан суурин газарт 2000 хүн ам тутамд гал түймэр унтраах анги, хэсэг үйлчилж байхаар тусгана.
-Барилга байгууламж нь гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөгдөнө.
-Хэвлэл мэдээллийн байгууллага гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, иргэдэд хандсан мэргэжлийн зөвлөгөөг нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.
-Гал түймрийн онц аюултай болон гал түймрийн аюултай I, II зэргийн барилга байгууламж нь заавал, бусад аж ахуй нэгж, байгууллага нь сайн дурын үндсэн дээр гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэнэ.
-Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.
-Онцгой хийц бүтээцтэй барилгууд болон 50 метрээс дээш өндөртэй барилга байгууламж, газар доорх хэсэгтээ нэгээс дээш давхартай барилгуудад тавигдах шаардлага норм стандартад тусгагдаагүй тохиолдолд техникийн нөхцөл, галын аюулгүй байдлын тусгай шаардлагыг онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран зөвшилцөж шийдвэрлэнэ.
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд гарсан гал түймрийн бүртгэлд дүн шинжилгээ хийж гал түймрээс урьдчилан сэргийлэх, улсын хяналт явуулах чиглэлийг тогтоон, бодлого боловсруулна” гэжээ.
Төсөлд анхаарах зүйлс юу үлдэв?
Мэдээж хөндөх ёстой асуудлыг хөндөж, галын асуудлыг анхааралдаа оруулж хуучин хуулинд 85 гаруй хувийн шинэчлэлт хийж байгаа нь сайн хэрэг. Гэвч төсөлд анхаарах зүйл юу байж болохыг цаашид ч улам ухах хэрэгтэй мэт. Тухайлбал, төсөлд анхаарах хамгийн гол зүйл нь санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээг хангах заалт хангалттай хэмжээнд гарч ирсэнгүй. Төсөлд “-Гал түймэр унтраах аврах анги, гал түймэр унтраах ангийг улсын төсөв, гал түймэр унтраах гэрээт ангийг аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр улсын төсөвт тусгасан төсөв, гал түймэртэй тэмцэх хэсгийг тухайн байгууллага, иргэн, Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ”, “Галын аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь онцгой байдлын гал унтраах аврах анги, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах үүрэгтэй” гэх зэрэг хэдхэн ерөнхий заалтыг улам нарийвчлах ёстой байлтай.
Ядаж л Онцгой байдлын газартаа ганц онгоц авчих санхүүгийн боломжтой болох эсэх, галын аюулгүй байдлыг хангагчид маань их галд хүчин мөхөсдөхөө болих боломж бий болох эсэхэд энэ хууль их л чухал үүрэгтэй мэт.
Б.МАНД