Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Малчдын маапаан

Хотонд чинь аньс дэлгэрч
Хормойд чинь…
гээд цааш үргэлжилдэг ёрын нэгэн хараал бий. Хальт сонсвол их л гоёор ерөөгөөд байгаа мэт. Харин утгыг нь тунгаавал хэлэх нь байтугай бодохоос ч муухай үгс бөлгөө. Аньс хэдийгээр ач тустай жимс ч хотонд цэцэг гишгэлэх малгүй болсон ахуйд л ургах авай.

Гэтэл Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт буюу “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн лиценз бүхий нэгэн талбайд дээрх дүр зургийг харуулам цоожтой дөрвөн гэр, хоёр малын хашаа байхтай өнгөрсөн жил таарч явлаа. Гэрийн эзэдтэй уулзахаар очсон боловч цоожтой хаалга угтав. Маналгүй орхисон болохоор хаяавч нь хаврын салхинд дэрвэлзэж, хөндий яндан дүнгэр дангар дуугарна. Аль ч гэрээр нь очсон ийм л байдал угтана. Эзэнгүй айл. Лицензийн талбайдаа олборлолтоо эхлүүлэхээр хашаалсан тэр үетэй зэрэгцээд энэ гэрүүдийг хойд дэнжийн өвөлжөөнийхөн барьсан гэж хамгаалалтын ажилтан хэлж байсан юм. “Өмнө нь энд огт айл байгаагүй. Биднийг хашаа барихтай зэрэгцээд эдгээр гэр, хашааг барьсан. Гэхдээ энэ гэрүүдэд хүн амьдардаггүй. Хашаанд нь мал хотолдоггүй” гэж нэмж хэлнэ лээ. Зуншдаг газартаа уурхай ажиллуулахгүй гэж ойр хавийнх нь малчид ийм арга хэмжээ авчээ.

Уг нь холбогдох газруудаас 1134А гэх лицензийн талбайд “Алтан Дорнод Монгол” компанийг олборлолт явуулах зөвшөөрлийг олгож. Энэхүү талбайд олборлолт явуулж байж С.В.Паушокын ухаад хаясан нүхийг булж, нөхөн сэргээлт хийх, улсад учруулсан хохирлыг барагдуулах мөнгийг олно гэж “Алтан Дорнод Монгол” компанийг авсан монгол хөрөнгө оруулагчид учирлаж байсан.

Гэтэл нутгийн малчид гэх “нинжа” нарын эсэргүүцэлтэй тулгарснаас болоод ажил нь ийн зогссон хэрэг.

Иргэдийн эрх ашиг гэдэг үгээр бамбай хийж, “Иргэний хөдөлгөөнийхөн” баяжсан нь нууц биш. Тэд газар сэндийчиж, гол ус ширгээж байгаль орчныг сүйтгэж байна гэж уул уурхайн компаниудыг шантаажилж мөнгө олдог байсан болохоос биш нидэр дээрээ байгаль орчноо хамгаалсан нь цөөн.

Энэ арга барилыг өдгөө “нинжа” нар сурамгай ашиглах болжээ.

Малчдаар өнгөө далдалсан нинжа нарын бүлэглэл ийм шантааж хийдэг болчихож. Үүнийгээ “зуншдаг газар, нутаг усаа хамгаалахын тулд, өвгөдийн ариун хэрэгсүүр бий” гэж тайлбарлаж байна. Үнэндээ Заамарыг энд тэндгүй сэндийчиж, мал хүн унаж үхэх нүх орхиод явсан хүмүүс нь “нинжа” нар гэдгийг нутгийнхан ярина лээ. Бас С.В.Паушок алтыг нь аваад газар шороог нь орвонгоор нь эргүүлсэн ч гэлцэнэ. Харин тэр бүгдэд чимээгүй өнгөрөөсөн хэрнээ олборлолт явуулт энэ бүхнийг нь эргүүлэн байсан байранд нь оруулна гэсэн хүмүүсийг эсэргүүцэх нь нэг л жоготой. Бүр өвөлжөө, хаваржаа, намаржааг нь үгүй хийлгүйгээр олборлолт явуулж, дуусахаар нь нөхөн сэргээлт хийнэ. Энэ хугацаанд хэдхэн метрийн зайд худаг гаргаад өгье, бэлчээрийг чинь сүйтгэхүй гэж байхад “үгүй” гэж гүрийгээд, олборлолт явуулах газарт нь эзэнгүй гэрээ бариад, бас орхиод одсон нь хачирхалтай.

Нутгийн иргэдийн ярьж байгаагаар малчид гээд буй эдгээр айл нь төрсөн ах дүүс болж таарсан. Олборлолт явуулах газрын хойхно талд нь байрлах өвөлжөөний эзэн ах, дүүсийн нэг нь болох өөрийгөө А.Батболд гэж танилцуулсан малчинтай зам зуур дайралдав. Энэ талаар асуувал, “Манай зуншдаг газар. Бид эндээ л зуншина. Тэр өөр худаг гаргаж өгсөн нь хамаагүй… Нутгийн удирдлагууд бидний талд байгаа. Гэтэл дээрээс нь тэднийг дарамтлаад байна гээд байна шүү дээ” гэж их л омогтой хэлэв.

Тэрхүү өвөлжөөнд н.Чулуунцэцэг гэх найман хүүхэд төрүүлсэн эмээ зарим хүүхдийнхээ хамт амьдардаг юм билээ. Түүний нэг хүү нь А.Батболд. Харин өөр нэгэн охин нь Заамар сумын Хайлааст багийн дарга А.Ганцэцэг. А.Ганцэцэг нь сонгогдохдоо “нинжа” нар буюу арай аятайхнаар хэлбэл “бичил уурхай эрхлэгчид”-ийг дэмжиж ажиллана гэх амлалт өгчээ. Тиймээс ч “нинжа” нар хүчтэй дэмжиж. Өөрөө ч тэдний дундаас гарч ирсэн гэж  байгаа. 

Харин өөр нэгэн хүү нь өмнө нь С.В.Паушокын үед “Алтан дорнод Монгол”-д ажилладаг байж. Тиймээс уурхайн үйл ажиллагааг нарийн мэддэг төдийгүй яаж дарамталж болохыг ч мэддэг нэгэн гэнэ. Харин дараагийн нэгэн жишээ нь, Заамар сумын Засаг дарга Д.Болормаа. А.Ганцэцэгтэй үеэл эгч дүүс.

Зохион байгуулалттай үйл ажиллагаа дараах байдлаар ингэж өрнөнө.

Ээж н.Чулуунцэцэг нүүхийг эрс эсэргүүцнэ. Шалтаг нь өвгөдийн үлдээсэн нутаг, үр хойчдоо өвлүүлэх баялгийг өгөхгүй гэж. Үүнийг нь эргэн тойронд нь байгаа хүүхдүүд нь дэмжиж “Малчин хүн малаа идээшлүүлэх газаргүй боллоо” гэж үргэлжлүүлнэ. Дээр нь санаа зорилго нэгтэй ганц нэг айлыг нэмчихнэ. Малчдын эсэргүүцэл энэ.

Ингээд уурхайнхны ажлыг хийлгэхгүй үзэж тарна. Хэн хэн нь багийн даргад мэдэгдэнэ. Энэ удаад ээжийн охин А.Ганцэцэг ирнэ. Ингэхдээ “Хоорондоо учраа ололц” гэж төвийг сахисан байдалтай юм хэлнэ. “Ээж ээ, төрийн зөвшөөрөлтэй юм. Ажлыг нь хийлгэхгүй бол болохгүй” гэж хэзээ ч хэлэхгүй. Эсвэл ах, дүү нараа өмөөрвөл компанийнхан шүүхэд хандах учраас болохгүй. Тиймээс л “Учраа ололц”-оо гэж хэлж аятайхан бултана.

Ингээд “Алтан дорнод Монгол”-ынхон гомдол гаргавал сумын Засаг дарга Д.Болормаа ирнэ. Төрийн төлөөлөгч гэхээсээ “босогчдын” хамсаатан. Тиймээс ч хамаатнуудаа иргэд болгож, “нинжа” нарын шунаг хүслийг малчдын эрх ашиг болгож яриад “Учраа ололц”-оо гэж хэлээд явна. Иймэрхүү байдлаар л нэгэн төрөл төрөгсөд “бойкотлож” байна. Тэд уурхайнхнаас 500 сая төгрөг нэхдэг юм гэсэн. Гэхдээ энэ буйдхан газрын явдал Монгол Улс даяар нийтлэг үзэгдэх болсон явдал…

Өнгөрсөн хугацаанд гурван төрлийн “нинжа” бий болжээ. Эхнийх нь өрх толгойлсон бүсгүйчүүд зонхилох хэсэг. Энэ хэсгийнхэнд алтны уурхайнхан ул буюу олборлолт явуулж дуусаад, нөхөн сэргээлт хийхийнхээ өмнө талбайдаа оруулж, үлдсэн алтаа авах боломжийг олгож дэмждэг.

Дараагийнх нь дайралдсан газраа сэндийчиж, хууль бусаар алт олборлож байгаль сүйтгэгчид. Тэд голдуу уурхайн олборлолт явуулахад бэлэн болсон газар руу дайрдаг, сөрөг нөлөөтэй хүмүүс. Хамгийн сүүлчийнх нь бусдыгаа дарамталж, угаасан алтнаас нь хувь хүртдэг дээрэмчид. 

Уг нь уурхайнхан нутгийн иргэдийг дэмжиж, ажлын байраар хангахаас гадна ажилчдынхаа хоолны мах, хүнс, ногоог нутгийн малчдаас авдаг. Аль болох ажлаа урагшлуулахын тулд зохицож, аясаар нь үйл ажиллагаагаа зохицуулдаг. Харин тэдэнд садаа болж, мөнгө нэхвэл хэлснээр нь өгчихдөг болохоор малчид маань ийм төрлийн шантаажийг гаргууд хийдэг болжээ. Уурхай зам татна гэвэл тухай замыг тавих зургийг нь харж байгаад очоод буучихна. 50, 60 саяар нь мөнгө нэхээд, өгвөл нүүнэ гэх нь энүүхэнд. Ингэхдээ оюутан хүүхдийн сургалтын төлбөрөө ч нэмээд гаргуулчихаа мэднэ. Ялангуяа Өмнөговь аймагт бол ийм байдлаар амьдардаг айлууд цөөнгүй болсон тухай уурхайчид толгой сэгсэрнэ. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малчдаас маань ийм утгагүй үйлдэл гардаг болсон гэхээр итмээргүй байгаа биз. Харамсалтай нь энэ үнэн. Ашигт малтмалын хуулиар орон нутагт эрх мэдлийг нь өгнө гээд буй. Тэр үед энэ байдал бол бүр гаарна гэсэн үг. Үйлдвэрлэл хөгжөөгүйн дээр уул уурхайд суурилсан эдийн засагтай монголчуудыг чирч яваа тэднийг дарамтлах хүн даан ч мундахгүй юм даа. Нутаг усаа хайрлахын тухайд биш түүгээрээ далимдуулан бусдын хөдөлмөрийг мөлжих хүсэлтэй олон малчид бий болсныг бид бүгдээрээ харсаар буй ч цагаа хэмнэх үүднээс шүүх, цагдаа гэлгүй шуудхан нэхсэнийг нь өгсөөр байгаад шуналын туламнууд болчихжээ. Овоо босгоогүйсэн бол…

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж