“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум болно | News.MN

“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум болно

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн /IRI/-тэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. 2014 оны 10 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд болох форумын талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн Азийн хэлтсийн хөтблөрийн ажилтан Matthew J.Hays нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Авлигын эсрэг олон улсын форум нь Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох ажлыг шат ахиулах, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд Авлигийн эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах, Авлигын эсрэг Олон улсын Академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхамыг эхлэх гол зорилгтой юм. Тиймээс форумаар энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн үзэл баримтлалыг сонсож, туршлагаас нь хуваалцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн чуулганаас дараахь томоохон баримт бичгийг гаргана.

  • Улаанбаатарын тунхаглал
  • Улаанбаатар хотын Авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөний саналууд

Нийслэлийн Засаг даргын урилгаар форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Харьяа газруудын дарга нар, Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар  оролцохоос гадна гадаадын 17 орны  42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, Гадаад улс орноос Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 төлөөлөгч оролцохоо урьдчилсан байдлаар мэдэгдээд байна.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ОУБНХ-ийн дэд Ерөнхийлөгч  нар үг хэлэх бөгөөд үндсэн илтгэлийг “Авлигад Хяналт Тавих -Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, авлигын эсрэг нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар  илтгэл тавина. Мөн Төр ба нийгмийн уялдаа холбоо, Газар хувиарлалт ба өмчийн бүртгэл, Худалдан авах ажиллагаа, Тусгай зөвшөөрөл гэсэн үндсэн 4 сэдвийн дор салбар хуралдааныг зохион байгуулах юм.

Тус форумыг зохион байгуулахад Азийн Ардчилалын сүлжээ, Тайваны Ардчилалын сан, Нийтлэг эрх ашгийн төв, Транспаренси Интернэшнл, Ардчилалын төлөөх дэлхийн хөдөлгөөн, Үндэсний ардчилалын сан, Олон Улсын хувийн жижиг дунд үйлдвэрлэлийн төв зэрэг гадаад дотоодын 10  байгууллага өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж