Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 4

Долдугаар сарын 4-ний баяр

Америкийн нэгдсэн улсын Тусгаар тогтнолын өдөр

Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) нь Америкийн нэгдсэн улсын эрх чөлөөт, тусгаар улс болон төрсний баяр гэгддэг. Америкчууд баяраа сар өдрөөр нь Долдугаар сарын 4 (Fourth of July) гэж энгийн нэрлэдэг.
Конгресс 1776 оны долдугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын тунхаглалыг (Declaration of Independence) батлаад түүнд Хоёрдугаар эх газрын конгрессийн ерөнхийлөгч Жон Хэнкок (John Hancock) ба эх газрын конгрессийн нарийн бичгийн дарга Чарльз Томсон (Charles Thomson) нар гарын үсгээ зуржээ. Энэ үеэр Америкийн зүүн эргийн Британийн 13 колонийн оршин суугчид Английн хаан ба парламент нь тэдэнд шударга бусаар хандаж байна гэж үзэн дайн хийж байлаа. Дайн нь 1775 онд эхэлсэн юм. Энэ дайны үеэр тэд шударга хандлагын төлөө биш Английн эзэмшлээс тусгаарлахын тулд байлдаж буйгаа ойлгож авсан байна. Энэ эрмэлзлэлийн тэд Тусгаар тогтнолын тунхаглалдаа тодорхой гаргаж өгсөн байлаа. Анх удаагаа колонийн удирдагч нарын гарын үсгээ зурсан тунхаглалд колони орныг  the United States of North America гэж нэрлэсэн байв.
Америкийн энэ баярыг хөрш Канадын мужууд мөн Дани, Норвеги, Швед, Англи, Гватемала ба Филлипин хамт тэмдэглэдэг.
Филадельфи. Колони Пенсильванийн Ассамблейн Тусгаар тогтнолын танхим. Энд Британийн 13 колони Тусгаар тогтнолын тунхаглалыг баталж, дараа нь АНУ-ын Үндсэн хуулийг гаргаж байлаа

Өдрийн ишлэл

      "… бүх хүмүүс тэгш эрхтэйгээр бүтээгдсэн ба бүтээгч нь тэдэнд амьдрах эрх, эрх чөлөөтэй байх ба аз жаргалаа хайх зэрэг дархан эрхийг өгсөн юм”
(1776 оны долдугаар сарын 4-нд батлагдсан Тусгаар тогтнолын тунхаглалаас)

Тусгаар тогтнолын тунхаглалын хэвлэмэл хувь. Хэвлэн нийтлэгч Жон Ланлап, 1776 оны долдугаар сарын 8. Өнөөдөр хүртэл 25 ширхэг хувь хадгалагдан үлджээ.

Мужуудын төлөөлөгчид энэ баримтад наймдугаар сарын 2-ноос эхлэн гарын үсэг зурсаар хамгийн сүүлд Делавэр мужийн төлөөлөгч 1781 онд 62 дахь гарын үсгээ тавьснаар уг ажиллагаа дуусчээ.

Хатан хаан Сонягийн төрсөн өдөр

Норвегийн хаан ширээнд 1991 оноос суусан V Харальд хааны эхнэр хатан хаан Соня, төрөлхийн Соня Харальдсен (Sonja Haraldsen), 1937 оны долдугаар сарын 4-нд төржээ.
Тэрээр Осло хотод өсч, ердийн гимназийг дүүргээд нийслэлийнхээ нэгэн мэргэжлийн сургуульд хувцас зохион бүтээгчийн мэргэжлээр суралцсан байна. Мөн Лозанно хотноо урлагийн мэргэжлээ төгсжүүлжээ. Гүнж болоод байхдаа Ослогийн их сургуульд суралцан соёлын түүх, англи ба франц хэлийг судалсан байна.
Соня Харальдсен ба хаан ширээ залгамжлагч кронпринц Харальд сүй тавих зөвшөөрөл автлаа 10-аад жил танил байлаа. Хаан ширээ залгамжлагч энгийн эмэгтэйтэй танил гэдгээ хаан эцгээсээ есөн жил нууж явжээ. Гүнж болоод Соня ханхүүгийн сэтгэлийг булаасан бол хатан хаан болоод Норвегийн зүрхийг эзэмдсэн гэж норвегичууд ярьдаг.
Соня хатан хаан болоод олон нийтийн өргөн цар хүрээтэй ажил хийж олон байгууллагыг дэмждэг. НҮБ-ын шугамаар дүрвэгсдэд туслах ажлыг хийдэг бөгөөд үүнийхээ төлөө Нансены медалиар шагнагджээ. Хааны гэр бүлийн гишүүний хувьд цэргийн рэдэмд суралцсан ба хуурай замын цэргийн хурандаа, нисэх хүчний нэгдүгээр зэргийн ахмад цолтой. Цанаар явж, загас барих дуртай. Хаантныхан хоёр хүүхэдтэй. Том нь гүнж ба бага нь хаан ширээ залгамжлагч юм.

Үйл явдал


1670 ОН: Атаман Стенька Разины 20 мянган хүнтэй дээрмийн гэхээр арми Астрахань хотыг эзэлжээ.
Степан Разин, Борис Кустодиевын зурсан зураг
Тэр жилийнхээ хавар казакийн атаман Степан Разин Ижил мөрний саваар аян  хийн хамжлагат тариачдыг бөөнөөр нь босгож байлаа.
Тэрээр захидал илгээн эрх чөлөөг хүссэн бол өөртөө нэгдэхийг уриалж байсан юм. Тэрээр хааны эсрэг биш гэдгээ хэлж, харин бүх засаг захиргаа, сүм хийдийн эсрэг гэж байв.
Разинчуудын эзэлсэн хот суурин бүрт төв засгийн төлөөлөгчдийг алан хядаж бичиг баримтыг нь устгаж худалдаачдыг тонон дээрэмдэж байлаа.
Астрахань хотыг эзлээд тэрээр хотын захирагч Прозоровскийг гүнг хоёр хүүгийнх нь хамт хөнөөсөн байна. Мөн тэнд байсан турк, армян, перс, энэтхэг наймаачдыг бас цаазалжээ. Астраханийн дараа Царыцин, Саратов, Самара зэрэг олон цайзыг эзэлсэн тэрээр Симбирскийн бүслэн хаасан ч эзэлж чадалгүй шархдан Дон мөрний зүг буцаад бүгжээ. 1671 онд тэрээр казакийн ахлагч нарт олзлогдсон байна. Түүнийг дүү Фролынх нь хамт хааны захиргаанд тушаасан юм. Москвад эхлээд түүнийг тамлан байцаагаад 1671 оны зургадугаар сард түүнийг Улаан талбайд мөчлөн цаазалжээ.

1790 ОН: Английн газар зүйч, геодезист, нэрийг нь дэлхийн хамгийн өндөр ууланд өгсөн Жорж Эверест 220 жилийн өмнө Уэльст төржээ. Тэрээр 16 насандаа цэргийн сургууль төгсөөд Энэтхэгт алба хаахаар илгээгдсэн байна.Тэрээр тэнд геодезийн албанд ажилласан ба Ява аралд аян хийсэн байна. Эверест 1818 оноос Уильям Лэмбтоны хамт Энэтхэгийн геодезийн зураг бүтээх ажилтай байсан ба олон жилийн ажлын явцад тэрээр Энэтхэгийн энэ салбарын ажлын цоо шинэ төвшин_д гаргаж чадсан байна. Түүний удирдлагаар Гималайн өндөр уулсын өндрийн хэмжээгүйгээр нь бүртгэсэн юм. 1843 онд тэрээр хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарч Англид буцан иржээ. Эверест 1861 онд тэрээр сэр цол авч жилийн дараа нь Хаантны Газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч болсон байв.
Түүний шавь Эндрю Во багшийнхаа тэмдэглэсэн бүх өндөр уулсын өдрийг гаргаад хамгийн өндөр ууланд нь Эверест гэсэн нэр өгөх санал гаргасан юм. Өөрөө тэр үүний эсрэг байсан ч Газар зүйн нийгэмлэгийн эрдэмтэд уулын нэрийн хувьдаа баттай байж чаджээ.

1848 ОН: Одооноос 162 жилийн өмнө “Коммунист намын тунхаг” хэвлэгдэн гарчээ. Карл Маркс, Эридрих Энгельс хоёр энэ тунхагийг бүтээжээ. Шинжлэх ухааны коммунизм ба олон улсын коммунист байгууллагуудын анхны хөтөлбөрийн шинжтэй баримт бичиг нь энэ болсон юм. 1847 онд болсон Коммунистуудын холбооны хоёрдугаар конгрессийн даалгавраар бичин түүхийг ойлгох материалист ойлголт, нийгмийн хөгжлийн бодит хууль, үйлдвэрлэлийн нэг аргаас нөгөөд шилжих гэх мэтийн зүйлийг коммунист үзлийн өмнөөс тайлбарласан байна.Уг тунхагт ангит нийгмийн өмнөх түүхийг ангийн тэмцлийн түүх гэж тодорхойлжээ. Тунхагт хөрөнгөтөн нийгмийн суурь, үзэл санаа ёс зүй болон хувийн өмч, хөрөнгөтний гэр бүл зэрэг ширүүхэн шүүмжлэгдсэн байв.
Тунхгийг бүтээгчид пролетари ангийг дарангуйлагч анги болгох санааг дэвшүүлсэн байв. Тэр хоёр уг тунхагтаа коммунист намын тухай сургаалиа гарган коммунистуудад пролетари ангиас гадуур ашиг сонирхол байхгүй гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж